Хэт даврагчдын эсрэг 60 улс нэгдлээ
АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцож буй дэлхийн удирдагчид Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэж, цохилт өгөхөөр болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Тун удахгүй хэт даврагчидтай тэмцэх төлөвлөгөөг олон улсад танилцуулах болно” гэсэн байна.
Сири, Иракийн газар нутгийн 50-аас дээшгүй хувьд нь хяналтаа тогтоогоод буй “Халифын вант улс”-ын эсрэг Их Британи, Ирак, Австрали, Бахрейн, Бельги, Канад, Дани, Египет, Франц, Итали, Герман, Иордан, Кувейт, Голланд, Норвеги, Катар, Саудын Араб, Турк, Арабын нэгдсэн Эмират, Нигер, Тунис, Малайз зэрэг 60 улс нэгдсэн болохыг Бан Ги Мүн мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.
Эдгээр улс холбоотон орнуудын адилаар хэт даврагчдад агаараас цохилт өгөх юм. Тус цэргийн ажиллагааг АНУ удирдан явуулахаар болжээ. Харин дээрх холбоотон орнуудад Орос нэгдээгүй бөгөөд “Бие дааж цохилт өгөх болно” хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн билээ.