Путин, Обама нарын уулзалт үр дүн авчирсангүй
-Нью Йоркод буугаад мордсон Путин байр сууриасаа ухрахгүй гэдгээ харууллаа-
Нью Йорк хотноо чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганы өчигдрийн хуралдаан дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Нью Йоркийн цагаар өглөө 09.00 цагт эхэлсэн чуулганыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун нээж үг хэлсэн бөгөөд дөрөвдүгээрт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, зургадугаарт БНХАУ-ын дарга Си Жиньпин, наймдугаарт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар үг хэллээ.
Ялангуяа Барак Обама болон Владимир Путины НҮБ-ын ногоон индэр дээрээс хэлэх үгийг хүн бүхэн хүлээж байлаа. Владимир Путины хувьд одоогоос 10 жилийн өмнө л НҮБ-ын индэр дээр үг хэлж байжээ. Тэрбээр өчигдөр Нью Йоркод хоноглоогүй бөгөөд өөрийн онгоцоор үг хэлэхээс хоёр цагийн өмнө Нью Йоркод газардаж оройдоо нутаг буцсан байна. Барак Обамаг индэр дээр үг хэлж байхад Владимир Путин Нью Йоркод газардаж байсан.
ОХУ болон АНУ-ын тэргүүн нар эсрэг тэсрэг байр суурийг илэрхийллээ. Украин болон Сирийн асуудалд Барак Обама ОХУ-ыг буруутгасан бол Владимир Путин АНУ тэргүүтэй барууны орныг буруутгалаа. Сирийн Ассадын Засгийн газрыг ОХУ хамгаалж байгааг Обама буруутгасан бол Путин Ассадын хууль ёсны Засгийн газрыг хамгаалахаас өөр аргагүй, яагаад гэвэл дэлхий дахиныг түгшээгээд байгаа Исламын улстай ганц тэмцэж байгаа нь Сири хэмээн мэдэгдлээ. Сирид туслахгүй байгаа нь маш том алдаа гэж үзэж байгаагаа Путин хэлээд, Исламын улсын эсрэг олон улсын эвсэл байгуулахыг уриаллаа.
Олон улсын дэглэмийг зөрчин дэлхийг эмх замбараагүй болгож, энгийн иргэдийн амь насыг хохироож байгаа хар хүчнүүдтэй тэмцэж байна хэмээн Обама хэлсэн бол дэлхийг эмх замбараагүй болгож, үүнийг зүгээр хараад сууж чадахааргүй болгож байгаа нь АНУ тэргүүтэй барууныхан хэмээн Путин илэрхийллээ. ОХУ-д тавигдаад байгаа барууныхны хориг нь эдийн засгийн амиа бодох хэлбэр хэмээн Путин тодорхойлов. "НҮБ-ын дүрмийг зөрчин нэг талын санаачилгаар хориг тавих нь бараг жирийн үзэгдэл боллоо. Гэхдээ энэ хориг нь улс төрийн зорилготой төдийгүй өрсөлдөгчөө зах зээлээс шахах хэлбэр болж байна. Эдийн засгийн амиа бодох шинж газар авч байна. Зарим улс орнууд өөрсдийн ард түмэн, бизнесийнхнээсээ далдуур эдийн засгийн хаалттай яриа хэлэлцээ хийдэг боллоо” хэмээн Путин шүүмжлэлээ.
Барак Обама барууныхны гаргасан шийдвэр дандаа зөв байгаагүй гэдгийг НҮБ-ын индэр дээрээс үг хэлэх үеэрээ хүлээн зөвшөөрч үүнийгээ Ливийн байдлаар жишээ татан ярьсан нь олны анхаарлыг мөн татаж байна. “Ливийн дарангуйлагчийг нь устгаж өгсөн ч ард нь үлдэх хоосон орон зайд манай холбоотнууд илүү ихийг хийх ёстой байлаа. Бид Ливийн хууль ёсны ямар ч засгийн газарт улс орноо босгоход нь туслана. Мөн үүнээс хойш олон улсын хамтын нийгэмлэг сүйрлийн ирмэгт байгаа улс орнуудыг нурахаас нь өмнө чадавхижуулах арга хэмжээг илүү үр бүтээлтэй хэрэгжүүлэх ёстой болж байна” хэмээн Обама хэллээ.
Владимир Путин НҮБ-ын чуулганд оролцохын өмнө АНУ-ын нэртэй сэтгүүлч Чарли Роузэд ярилцлага өгсөн бөгөөд энэхүү ярилцлагадаа Сирид зэвсгийн хүчээр тусалж байгаа гэдгээ хэлж, Сирийн нутаг дахь Исламын улсын дайчид дунд хуучин ОХУ-д байлдаж байсан 2000 гаруй цэрэг байгаа, тэднийг устгах нь Оросын эрх ашиг хэмээн хэлснийг АНУ-ын хэвлэлүүд ихээхэн эш татаж байна. Чарли Роузэд өгсөн Путины ярилцлага өнөөдөр ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүдээр бүрэн эхээрээ цацагдах юм.
Ийнхүү эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсэн хоёр Ерөнхийлөгч орой нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүлээн авалтын Бан Ги Муныг үг хэлсэний дараа хундага тулгажээ.Хүлээн авалтад Обама, Путин нарын дунд нь Бан Ги Мун суусан аж. Энэхүү хүлээн авалтын дараа Обама, Путин нар ганцаарчилсан уулзалт хийсэн нь олны анхаарлыг мөн татлаа.Украины хэрэг явдлаас хойш сүүлийн хоёр жилийн турш АНУ болоод ОХУ-ын төрийн тэргүүн нар ингэж нүүр тулж уулзаагүй байсан юм. 50 минут болохоор төлөвлөсөн уулзалт 95 минут үргэлжилсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Уулзалтаар чухам юу яригдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл тараагүй бөгөөд хоёр орны төрийн тэргүүн Украин болон Сирийн асуудлаар санал солилцсон гэж мэдээлж байна. Уулзалтын дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Владимир Путин Исламын улстай тэмцэхэд нь цаашид ч Сирид туслах болно гэсэн байна. “Гэхдээ бид салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагаанд оролцохгүй. ОХУ, АНУ-ын цэргийнхэн Сирийн зөрчлийн асуудлаар яриа хэлэлцээ хийнэ, Украины асуудлыг шийдэхэд АНУ-ын үүрэг өндөр хэвээр байгаа, яагаад гэвэл тэд Киевийн ард байгаа” хэмээн хэлснийг Оросын хэвлэлүүд өнөөдөр мэдээлж байна.
Обама, Путин нарын уулзалт дэлхийн цаашдын улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлж магадгүй гэж олон ажиглагч хүлээж байсан ч өчигдрийн уулзалт хүлээж байсан үр дүнг авчирсангүй гэж үзэж байна.