НҮБ Сирийн хямралыг шийдвэрлэхэд хүчин мөхөсдөж буй нь түүний нэр хүндийг унагааж байна

2015 оны 9 сарын 28

Нэгдсэн үндэстнүүдийн байгууллагын /НҮБ/ Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо болж байна. Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулган тус байгууллагын түүхэн 70 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд чуулганд дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис оролцож буйгаараа онцлог болж байгаа юм.

ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫГ ТУНХАГЛАГЧ НҮБ-ЫН ҮҮСЭЛ

Хүн төрөлхтний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн II дайн 1945 онд эцэс болсноор дэлхийн бөмбөрцөг социалист, капиталист системд хувагдаж, үзэл суртлын тулаан болох "хүйтэн дайн"-ы эхлэл тавигдсан билээ.

Энэ үед улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоож түүнийг хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний хэмээх байгууллагыг үүсгэн байгуулсан юм.

Тус байгууллага АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдсан. Өдгөө дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 193 улс гишүүнээр нэгдэж ороод байна.

НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхүүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг  өмнөө тавьдаг.

НҮБ-ын үндсэн байгууллагуудын дотор тус байгууллагын нийт гишүүдээс бүрддэг Ерөнхий Ассамблей, улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөл, нийгэм эдийн засаг, хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмждэг Эдийн засаг, нийгмийн Зөвлөл, Олон улсын шүүх, Нью Йоркд төвтэй, Женев, Вена, Найробид салбартай Нарийн бичгийн дарга нарын газар онцгой байр суурь эзэлдэг.

НҮБ 40 гаруй мянган ажилчинтай 17 тусгай агентлаг, 14 сан, 17 газартай нарийн бичгийн дарга бүхий том бүтэцтэй.

ХХ зууны дунд үед НҮБ-ын жилийн төсөв 19 сая ам.доллар байсан. Тэгвэл өнгөрсөн 2014 онд энэ тоо 40 тэрбум ам.доллараас хол давжээ.  70 жилийн хугацаанд НҮБ нийт 0.5 их наяд ам.доллар зарцуулсан байна.

НҮБ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

Ойн жилд НҮБ олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг, хүний эрхийн асуудлаар хамтран ажиллах зэрэг үндсэн зорилгуудаа хэрхэн хэрэгжүүлж ирсэн, ирээдүйд хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана.

Хүний эрх, байгаль орчны асуудлууд хэдий чухал боловч НҮБ-ын гол зорилго нь дайн, энхийн асуудлуудыг зохицуулахад оршдог. Дэлхийн хоёрдугаар дайнд хүн төрөлхтөн туулж өнгөрүүлсэн алаан хядааныг дахиж гаргахгүй, энх тайванд учрах аюулаас урьдчилан сэргийлэх, түүнийг зайлуулах чиглэлээр улс орнуудтай хамтран ажиллах зорилтыг тавьсан.

Гэсэн хэдий ч 2011 оноос үргэлжилж буй Сирийн иргэний дайн НҮБ дээрх үүргээ сайн биелүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон. "Арабын хувьсгал"-ын дараа Сирид эхэлсэн иргэний дайн аймшиг болон хувирлаа. Учир нь энэ хугацаанд 250 мянган хүн амь насаа алдсан. Түүнчлэн иргэний дайны улмаас дөрвөн сая гаруй хүн хөрш зэргэлдээ болон Европын орнууд руу дүрвэсэн гэсэн тоо баримтыг Улаан загалмайн нийгэмлэгээс гаргалаа.

Судалгаагаар дүр­вэгсдийн дөрөвний гурван хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд гэдгийг гаргасан аж. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд амьдарч байгаагаас дүрвэгсдийн лагерьт байгаа хүүхдүүд өвдөж, амиа алдах тохиолдол их гардаг байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөл хэд хэдэн удаа хэлэлцэж Сирийн хямралыг шийдвэрлэхийг оролдож байсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй өдийг хүрлээ. НҮБ Сирийн хямралыг шийдвэрлэхэд хүчин мөхөсдөж байгаа нь олон улсын байгууллагын нэр хүндийг унагааж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хүлээн зөвшөөрч байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн их цуст мөргөлдөөн Сири улсад одоог хүртэл өрнөсөөр байгаа нь Нэгдсэн үндэстний гэх байгууллагын оршин тогтнох эсэхэд эргэлзээ төрүүлж байна хэмээн Улс төр судлаач, Геополитикийн судалгааны төвийн захирал Валерий Коровин хэллээ.

НҮБ-ЫН "ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД" ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

Энх тайвныг дэмжихийн тулд НҮБ-ын "цэнхэр дуулгатнууд" буюу энхийг сахиулагчдыг зэвсэгт мөргөлдөөн болж буй улс орнууд руу илгээдэг. Одоогоор нийт 125 мянга гаруй цэрэг, цагдаа, энгийн ажилтнаас бүрдсэн НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаа явагдаж байна.

Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр НҮБ-ын энхийг сахиулагчид хүчингийн хэрэгт холбогдсон хэрэг хэд хэдэн удаа гарсан.  Төв Африкийн бүгд найрамдах улсад үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын энхийг сахиулагчид орон нутгийн насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн хэрэгт сүүлийн хэдэн сар таван ч удаа холбогдлоо. Хамгийн сүүлд гарсан хэргийн дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Энхийг сахиулагчдын дарга Бабакар Гайг үүрэгт ажлаас нь огцруулсан юм.

Энэ мэт жигшүүрт хэрэг удаа дараа гарч байгаа нь энхийг сахиулах ажиллагааг шинэчлэх хэрэгтэйг улам ихээр товойлгов.

БАН ГИ МҮНИЙГ ОГЦОРУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ

Бан Ги Мүний НҮБ-ын улс төрийн үйл ажиллагааг эдийн засагжуулах, өндөр технологи түгээх, банкны даяаршил, эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьж ажилласан ч энэ нь хараахан хэрэгжсэнгүй.

Энхийг дэмжин сахиулах чиглэлээр НҮБ-ын үйл ажиллагааг шинэчлэх, уг байгууллагад шинэчлэл хийх, бүтцийг нь боловсронгуй болгох талаар жил бүрийн Ерөнхий ассамблейн үеэр мэдэгддэг ч энэ нь мөн л ам тунхаг төдий үлдсэн хэмээн олон улсын шүүмжлэлд өртөөд байгаа юм.

2011 оноос хойш өрнөөд буй “Арабын хавар” НҮБ нь олон улсын харилцааны тогтворжуулагч, зохицуулагчийн баталгаа байхаа больсон гэдгийг харуулсан гэж олон мэргэжилтнүүд үздэг байна.

Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажиллах ёстой байсан ч энэ жилийн Ерөнхий ассамблейн үеэр олон орны төлөөлөгчид түүнийг огцоруулж, шинэ хүн сонгох талаар санал дэвшүүлээд эхэлсэн юм.

НҮБ БА МОНГОЛ УЛС

НҮБ-д Монгол улс элсэхийн тулд анхлан байгуулагдсан 1946 оноос эхлэн нийт таван өргөдөл гаргажээ. 

Харин ес дэх оролдлогоороо буюу 1961 оны аравдугаар сарын 25-нд санал хураалт явуулан, Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснөөр 27-нд Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн байгууллагууд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд, олон талт хамтын ажиллагаануудад оролцох өргөн боломжийг нээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25479
0 эможи
keyboard_arrow_up