Сирийн дүрвэгчдийг Монгол руу илгээх санал дэвшүүлэв
Өнгөрсөн долоо хоногт Их Британийн Лордын танхимын лорд, Хөдөлмөрийн намын гишүүн Мегнад Десай (Мегнад Жагдишчандра Десаи) нэгэн хачирхалтай мэдэгдэл хийжээ. Эдүгээ 76 настай тэрээр дүрвэгчдийн асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, Сири болон Ойрхи-Дорнодын дүрвэгчдийг Төв Ази руу тухайлбал, Туркменистан, Монгол, Тажикстан зэрэг орнуудад байршуулахыг санал болгосон байна.
Мегнад Десай Туркменистан, Тажикстан, Монгол зэрэг оронд хүн амын нягтрал багатай тул дүрвэгчдийг суурьшуулах төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй гэжээ. Тэрээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дээрх улсууд нь соёл, шашны хувьд Сирийн дүрвэгчидтэй ижил гэж онцлоод, дийлэнх нь лалын шашинтай гэж хэлжээ.
Лорд Мегнад Десай Европын холбооны шүдний өвчин болоод байгаа дүрвэгчдийн асуудлаар НҮБ-тай хамтран ажиллахыг уриалжээ. Эх сурвалжид мэдээллэснээр, Туркменистан, Тажикстан улсууд нь дүрвэгсдийг хүлээж авахыг хуулиараа хориглосон байдаг аж.
Энэ сарын 16-ны өдөр Лорд Десай уг саналаа Лордын танхимдаа уламжилжээ. Түүний хувьд Энэтхэгийн цагаач гэр бүлээс гаралтай бөгөөд 1940 онд мэндэлсэн байна. АНУ-ын Пенсильвани мужийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1991 онд Лорд болсон тэрээр эдүгээ Лондоны Эдийн засгийн сургуульд багшилдаг байна.