Чилид цагийн дараа Цунами болж магадгүй
Орон нутгийн цагаар Лхагва гаригийн оройн 19:54 минутад хүчтэй газар хөдлөлт болж, Чилийн нийслэл Сантиаго хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хотоос 227 км-ийн алсад 8,3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Цунамигийн аюул нүүрлэж магадгүй талаар АНУ-ын Газар зүйн судалгааны төв мэдэгджээ.
Иргэд эргээс холдохоор орон гэрээ орхин гарчээ
Чилийн эрх баригчид орон нутгийн цагаар оройн 11 цагийн үед буюу Монголын цагаар өглөөний 11 цагийн үед хүчтэй далайн давалгаа эрэгт хүрнэ гэсэн байна. Тиймээс эргийн ойролцоо амьдардаг иргэдийг нэн яаралтай нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар хохирол учирсан, иргэд амиа алдсан эсэх талаар мэдээлэл алга.
Номхон далайн Цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс мэдэгдсэнээр хэдэн цагийн дараа Чили болон, Перу улсын эргийг хүчтэй далайн давалгаа цохино гэжээ. Түүнчлэн Хавайн арлууд ч цунамид цохигдох аюул байж магадгүйг дурдсан байна.
2010 онд болсон 8,8 баллын хүчтэй газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигийн улмаас Чилид 500 гаруй хүн амиа алдаж, 220,000 айл орон гэргүй болж байжээ. Харин 1960 онд болсон 9,5 баллын хүчтэй газар хөдлөлт тус улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд 5000 гаруй хүн амиа алдаж байсан түүх бий.