Луу ба арслангийн нөхөрлөл

2015 оны 9 сарын 16

-Африк тивд БНХАУ- ын нөлөө хурдацтай нэмэгдэж байна-

Арваад жилийн дотор Өмнөд хөрш маань хар тивтэй хийх худалдааны эргэлтээрээ дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ, колоничлолын эрин үед Африк тивийн дийлэнх хэсгийг захирч асан Францыг гүйцэн түрүүлж, тус тивийн хамгийн том худалдааны хамтрагч болжээ. БНХАУ-ын Африктай хийх худалдааны эргэлт 160 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Түүнчлэн энэ тивд нэг сая орчим хан үндэстэн ажил хөдөлмөр эрхэлж байна.

Хятад ба Африк тив хоёрын хооронд богинохон хугацаанд тогтсон энэхүү найрсаг харилцаанд хоёр хүчин зүйл голлох нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг. Юун түрүүнд БНХАУ гадаад бодлогодоо аливаа улс орны дотоод хэрэгт үл оролцох гэсэн зарчмыг баримталдаг. Үүгээрээ тэд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтоохын тулд ардчилал, хүний эрх зэргийг шаарддаг Барууны улс орнуудаас ялгардаг. Энэ нь ардчилал бүрэн утгаараа хэрэгжиж хараахан чадаагүй Африкийн улс орнуудын удирдагч нарт ихээхэн таалагддаг. Хоёрдугаарт: Колоничлолын үеийн хар дурсамж нь Африкчуудад Барууны улс орнуудад таагүй хандах хандлагыг үлдээсэн юм.

Энэ нь Африкийн зах зээлд Хятад, Энэтхэг, Бразил зэрэг БРИКС-ын улсууд давамгайлах нэг шалтгаан болдог гэж үзэгсэд ч бий. БРИКС-ийн өөр нэг улс Энэтхэг л гэхэд Африк тивийн дөрөв дэх том худалдааны түнш юм. БНХАУ-ын нам төрийн удирдлагууд ч Хятад колоничлолын хохирогч болж байснаас хохироогч байгаагүй, Хятад ба Африкийн туулсан зам ижил тухай байн байн мэдэгддэг. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын Гадаад яамны сайд Ван И энэ оны эхэнд Африкийн таван орноор айлчилсан айлчлалынхаа үеэр “Бид Барууны колоничлогчдоос ялгаатай. Бид Африкийн ард түмнүүдийн урт хугацааны ашиг сонирхол болоод хүрээлэн буй орчныг ямагт дээдэлнэ” хэмээн мэдэгдсэн.

Зарим африкчууд Хятадтай үүсгэсэн энэ дотно харилцаанд болгоомжтой ханддаг

Гэхдээ хамгийн ядуу тивийн зарим иргэд Хятадтай үүсгэсэн энэхүү дотносолд болгоомжтой ханддаг. Өнгөрсөн оныг хүртэл Нигерийн Төв банкны захирлаар ажиллаж байсан Ламидо Санүси “Хятад Африкаас түүхий эд худалдан аваад эргээд боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэдний ашиг сонирхол Барууны улсуудаас огтхон ч ялгаагүй, тэд ур чадварыг дамжуулдаггүй. Энэ бол шинэ үеийн колоничлол” хэмээн БНХАУ- ын Африк дахь бодлогыг шүүмжилдэг. Үнэхээр ч Хятад ба Африкийн худалдааны бүтэц нь ийм шинжтэй. Өнгөрсөн жил сенегалчууд Дакарын төвд Хятадын үл хөдлөх хөрөнгийн компанийн эхлүүлэх гэж байсан төслийг эсэргүүцэн зогсоосон бол Танзанийн үйлдвэрчний эвлэл Засгийн газрынхаа Хятадын жижиг худалдаачдыг зах зээлдээ нэвтрүүлсэн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байв. Африкийн радио шоунуудад “Тэр одой хүн шиг муухай, гэхдээ мөнгөтэй байх л даа” хэмээх хайртай бүсгүй эсвэл эхнэрээ хан эрд алдсан африк эрчүүдийн гомдол түгээмэл сонсогддог гэх.

Үүнээс гадна Хятадын хямд үнэтэй импортын бараанууд Африкийн дөнгөж хөлд орж буй аж үйлдвэрүүдийг зах зээлээс шахдаг. Африкийн бөс даавуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо сүүлийн жилүүдэд Made in China шошготой хямд хувцаснаас шалтгаалан тивийн хэмжээнд 250 ажлын байр үгүй болсон тухай судалгаандаа дурджээ. Гэхдээ ийм бэрхшээлтэй нүүр тулж буй анхны улс нь тэд биш ээ. Хойд болон Өмнөд Америкийн улс орнуудын зарим салбар ч Хятадын хэт хямд үнэтэй барааны дайралтад өртөж байсан. Гэхдээ эдгээр улс орон импортын квотоор дамжуулан зах зээлээ хамгаалан үлдэж чадсан билээ. Тэгэхээр Африкийн улс орнуудын цаашдын ирээдүй тэдний цаашид гаргах шийдвэрээс л хамаарах болно. Тэгээд ч зах зээлээ дэлхийн улс орнуудад нээх шаардлагыг Африкийн улс орнуудад Хятад биш Дэлхийн худалдааны байгууллага л тавьдаг.

Гэхдээ Хятадын “шинэ колоничлол”-д эерэг тал ч бий. Африк тивийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг 900 тэрбум ам.доллар гэж тооцдог. Мэдээж хэрэг энэ хэмжээний мөнгийг хар тив дотоодоосоо босгох боломжгүй. Өнгөрсөн жил БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Африк тив рүү чиглэсэн зээлийн шугамаа 12 тэрбум ам.доллар болгон өргөтгөж байгаагаа зарласан. Энэ мөнгөний голлох хэсэг нь Африкийн амин чухал хэрэгцээ болсон дэд бүтцийн салбарыг чиглэх юм.

БНХАУ Анголд манай Таван-толгойн гэрээтэй төстэй буюу газрын тосоор эргүүлэн төлөх тохиролцоотойгоор таван тэрбум ам.долларын дүнтэй зээл олгож байсан юм. Энэ мөнгөний дийлэнх хэсэг нь дэд бүтцийн салбарт зарцуулагдсан. Харин бид зам, сургууль, цэцэрлэг байгуулахын оронд орж ирсэн мөнгийг иргэддээ тараах сонголтыг хийсэн билээ. Үүнээс хойш хөнгөлөлттэй зээл олгож, хариуд нь газрын тос болон эрдэс баялгийн салбарт ажиллах давуу эрх олгосон ийм төрлийн хэлэлцээрийг “Ангол загвар” хэмээн нэрлэх болсон. Зарим судлаач энэ гэрээг Анголд ашиггүй хэлцэл болсон гэж үздэг. Гэвч тухайн үед Анголд ус агаар мэт хэрэгцээтэй байсан дэд бүтцийн салбарт зориулан хөрөнгө оруулах өөр хөрөнгө оруулагч байгаагүй билээ. Хятадын нэн хямд өртөгтэй ажиллах хүч нь ингэж Африкийн улс орнуудад өндөр үнийн дүнтэй, аварга том төслүүд хэрэгжүүлэх боломж олгодог. Ийм ч учраас тэд Африкийн дэд бүтцийн салбарын гол дэмжигч нь болж чаджээ. БНХАУ зөвхөн 2000 оноос хойш Африкт үзүүлсэн 10 гаруй тэрбум ам.долларын зээлээ хүчингүй болгосон гэсэн тооцоо бий.

Үүнээс гадна БНХАУ-ын Африкийн эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг мартах ёсгүй. 1963 оноос хойш Африкийн 47 улсад Хятадын 15 мянган эмч ажиллаж, нийт 180 сая гаруй ДОХ-ын вирус тээгчид эмнэлгийн тусламж үзүүлсэн гэсэн тооцоо бий. Мөн өнгөрсөн жил Баруун Африкийн орнуудад тархаж, дэлхийн нийтийн санааг зовоосон эбола вирустэй тэмцэх ажилд ч БНХАУ манлайлан оролцсон. Хятадын энэ мэт өгөөмөр занг зарим судлаач “хожигдсон удирдагч” (Loss Leader буюу зарим нэг бараа бүтээгдэхүүнийг өртгөөс нь хямд үнээр борлуулах замаар өөр бусад бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэх бизнесийн стратеги) зарчмаар тус бүс нутагт нөлөөгөө нэмэх оролдлого хэмээн үздэг.

Хятад ба Африкийн харилцаа нь зөвхөн нэг талтай урсгал ч биш ээ. Хятадын эдийн засгийн өсөлт эхэлсэн 1990-ээд оны үеэс эхлэн шинэ боломж хайсан Африкийн цагаачид Гуанжоу зэрэг өмнөд Хятадын боомтуудыг зорих болсон. Одоогоор зөвхөн Гуанжоуд Африкийн улс орнуудаас ирсэн 16 мянган иргэн оршин суудаг. “Бяцхан Африк”, “Шоколадан хот” гэх мэт хочтой африк цагаачдын хорооллууд Хятадад нэг бус бий. Эдийн засгийн харилцаа нь зузаарахын хэрээр БНХАУ-ын их, дээд сургуулиудын зүгээс Африкийн улс орны оюутнуудад үзүүлэх тэтгэлгийн тоо эрс нэмэгдэж байгаа нь ч энэ мэт суурьшил бий болоход нөлөө үзүүлжээ.

Хятад улс богино хугацаанд маш их өөрчлөгдсөн. Эдийн засаг нь хөл дээрээ бат зогсож, иргэдийнх нь амьжиргаа сайжирч, сүүлийн үед түүхий эдийн цангаа нь тайлагдаж, энэ нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэд ч нөлөөлж байна. Хятадын эдийн засагт гарч буй эдгээр өөрчлөлтүүд нь энэ хоёр андын цаашдын харилцаанд ч нөлөөлөх нь дамжиггүй. Өмнө нь Африк тив Хятадын хувьд зогсолтгүй өсөн нэмэгдэх түүхий эдийн хэрэгцээгээ хангах уурхай нь болж байсан. Тэгвэл цаашид түүхий эдийн хэрэгцээ нь татарч, дундаж давхаргын иргэдийн хэмжээ нь улам зузаарч байгаа Хятадын хувьд Африкийн хөдөө аж ахуйн салбар сонирхлыг нь татна гэж судлаачид таамагладаг.

Мөн иргэдийн орлогын түвшин өсөн нэмэгдэж байгаа нь Хятадын хямд өртөгтэй ажиллах хүч гэсэн давуу талыг нь аажмаар үгүй хийж байна. Энэ тохиолдолд Африк дахь сая сая хямд ажиллах хүч нь Хятадын экспортлогчдын хувьд чухал нөөц болох ч боломжтой. Энэ байдлыг анзаарсан Хятадын зарим аж үйлдвэрийн компаниуд ч хар тивд хэдийнэ салбар үйлдвэрээ байгуулаад амжжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25188
0 эможи
keyboard_arrow_up