Ирэх хоёр жилд хэт хална
Сүүлийн үед байгаль цаг уур бидэнд "бэлэг барих" нь олширлоо. Нэг бол гэнэт хүйтэрч, эсвэл хэт халж, халуун зунаар цас орж байна.
Дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрсөн тав, зургаадугаарын сүүл, энэ сарын эхээр Ази, Европын ихэнх оронд цаг агаар хэт халж, олон хүний аминд хүрсэн ч тохиолдол гарсан.
Тэгвэл Их Британийн цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд ирэх хоёр жилийн мөн л хэт хална хэмээн мэдээллээ.
Их Британийн цаг уурын хүрээлэнгийн профессор Стивен Белчер сүүлийн 135 жилийн дэлхийн агаарын хэмийн мэдээллийг харвал түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун таван сарын дөрөв нь энэ онд тохиосон бөгөөд Эль Ниньо буюу Номхон далайн усны дулааны хэм нэмэгдэх үйл явцын нөлөөгөөр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулсан юм.
Эль-Ниньо буюу далайн гадаргын усны температур хэлбэлзэх цаг уурын үзэгдэл юм. Үүний улмаас арлын бүс нутгууд үерт автах аюул тулгардаг. Номхон далайн бүсийн усны хэм нэмэгдэх нь Эль-Ниньо үзэгдэл үүсэх дохио бөгөөд усны хэм хэвийн хэмжээнээс нэмэгдвэл уг үзэгдэл болдог байна.
Өнгөрсөн 15 жилийн 2 жилд нь Эль-Ниньо үзэгдэл болжээ. Энэ нь дэлхийн дулаарал болон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор дэлхийн дундаж температур нэмэгдэх хандлагатай байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жаррод хэллээ.