Байгалийн гамшгаар “Фукушима” АЦС-ын насос эвдэрч бохир ус далайд цутгажээ
Энэ долоо хоногийн эхээр Японыг хоёр хар шуурга дайран өнгөрсөн. Дорно эргийг Кило, Япон тэнгис орчмыг Этау хар шуурга дайрснаар тус улсад аадар бороо 4 хоног орж, хөрсний нуралт үүсээд байгаа юм. Сүүлийн 3 хоногт л гэхэд Японы төв, зүүн хойд нутагт 600 мм хур тунадас орсон нь жилийн дунджаас ч их гэнэ.
Холбогдох албаныхны мэдээлснээр ойролцоогоор 500 км.кв газар үерт автаад байна. Үерээр гурван хүн амиа алдаж, 30 гаруй хүн бэртэж гэтмжээ. Үүнээс гадна Тотиги, Ибараки, Сайтам, Сидзуок мужуудад олон тооны барилга байшин үерт автаж, авто машинууд усанд урсчээ. Зарим мужид бүхэл бүтэн хороолол бүхэлдээ усанд автсан гэх мэдээлэл байна.
Японы хэвлэлүүдийн хамгийн ихээр хөндөж буй асуудал нь "Фукушима 1" атомын цахилгаан станцын дренаж насосууд дүүрч эвдэрсний улмаас цацраг идэвхт бодистой, олон зуун тонн бохирдсон ус далайд асгарсан гэв. Төрийн өмчит үйлдвэрээс хичнээн их хэмжээний бохир далайд нийлсэн нь тодорхойгүй байгаа юм.
Ерөнхий сайд Шинзо Абэ дээрх мужуудад онц байдал зарласан бөгөөд онцгой байдлын албаны хүчийг орон нутгуудад нэмэхийг үүрэг болгожээ. Одоогоор аврах, эрэн сурвалжлах ажиллагаанд 38 нисдэг тэрэг, 2300 гаруй хүн оролцож байна. Гэвч энэ тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэв.
Байгалийн гамшгийн улмаас зөвхөн Тоти мужаас л гэхэд 190 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Түүнчлэн Осаки хотын Сибуигава голын далан 20 метр орчим сэтэрсний улмаас хот бүхэлдээ усанд автсан байна. Мөн Миэ, Сидзуока, Айти мужуудад гол эргээсээ хальсан нь хөрсний нуранги үүсэх гол шалтгаан болоод байна.
Ойрын өдрүүдэд 500 мм хур тунадас нэмж орно хэмээн Японы Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулжээ.