Дэлхийг өөрчилсөн 9/11
Өнгөрсөн 2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр хүмүүсийн дэлхийг харах өнгийг өөрчилсөн. АНУ-ын иргэний агаарын тээврийн дөрвөн нисэх онгоцыг террористууд барьцаалан халдлага үйлдсэн юм. Аймшигт халдлагын дараа хүмүүсийн ялангуяа америкчуудын амар тайван амьдралын хэмнэл, хэв маягт өөрчлөлт орсон. Дэлхий дахин “террорист”, “терроризм”, “аль-Каида” гэж юу болохыг илүү сайн мэдэх болсон юм.
Нисэх онгоц барьцаалсан халдлагаас хойш америкчууд тэнгэрээр биш газраар зорчихыг илүүд үзэх болсноор авто ослын тоог нэмэгдүүлжээ. Олон улсын нисэх буудлууд ч хамгаалалтаа чангатгаж, зорчигчдын бие, тээш зэрэгт нарийн үзлэг шалгалт хийх болов. Мөн жуулчдыг АНУ-ын “Цагаан ордон”-ы өмнөх өргөн чөлөөгөөр автомашинтай зорчихыг хоригложээ.
Аюулгүй байдлынхаа төлөө америкчууд зарим эрх чөлөөнөөсөө татгалзахад хүрсэн байна. АНУ-ын хуулинд өөрчлөлт оруулж засгийн газрын тагнуулын үйл ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалахын төсвөө хэд дахин нэмэгдүүлжээ. Энэ нь АНУ иргэдээ тандаж, турших боломжийг нэмэгдүүлээд зогсохгүй террорист гэж сэжиглэгдсэн хүмүүсийг хомроголон барьж Гуантанамогийн шоронд хорьж байв. Мөн АНУ-ын цэргүүд Афганистан, Иракт “үнэтэй” дайн хийхэд ард түмэн, олон улс тэгтлээ дургүйцсэнгүй. Энхийг сахиулах нэрийн дор АНУ Талибан, аль-Каида зэрэг зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайн өрнүүлж, гол толгойлогчдыг нь устгажээ.
Халдлагын дараа цочролд орсон америкчууд мусульман шашинт оршин суугчдыг үзэн ядаж, хараан зүхэж, халдан дайрч байлаа. Тэдний хувьд “мусульман”, “ислам” гэдэг үгнүүд террорист гэдэгтэй хорших болж, толгойдоо хар алчууртай хүмүүсийг алан хядагч гэж харах болсон байв.
Өдгөө ихэр цамхагийн суурин дээр “Дэлхийн худалдааны төв” нэр бүхий 72 давхар, 298 метр өндөр цамхагийг сүндэрлүүлэн босгоод байна. 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагын үеэр 2996 хүн амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртэх зэргээр хохирол амссан юм.