Шинэ амьдрал хайж явсан цагаач хүүгийн цогцос далайн эрэгт гарч иржээ
Сирийн дүрвэгсэд шинэ амьдрал хайн Европын орнуудыг зорьсоор байгаа билээ. Саяхан л гэхэд шинэ амьдрал хайж явсан Сири иргэдийн завь хөмөрч олон хүн усанд осолдсон талаар мэдээлж байв. Завинд сууж явсан иргэдийн зарим нь өнөөг хүртэл олдоогүй байсан бол тэдний нэг болох гурван настай Аялан Курдийн цогцос Туркийн нэгэн наран шарлагын газрын ойролцоо байх далайн эрэгт гарч иржээ.
Бяцхан хүүгийн талаарх энэхүү харамсалтай мэдээлэл цахим ертөнцөд тарж, дэлхийн олон иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байна.
Иргэд Арабын бүгд найрамдах Сири улсын Засаг захиргааг энэхүү асуудлыг шийдэлгүй, хурцатгаж байна гэж буруутгаад байгаа юм. Үүгээр ч зогсохгүй дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг хөндөн бичиж байна.
Түүнчлэн онлайн ертөнцөөр болоод хэвлэлүүдийн нүүрэнд нас барсан хүүгийн зургийг нийтэлсэн нь олон түмний дургүйцлийг ихээр хүргэх болжээ. Тэд зургийг нийтэлсэн хэвлэл мэдээлэл, иргэдийг бусдын мууд дурлагсад хэмээн шүүмжилж байгаа бол зарим нь энэхүү зураг хүмүүст энэ асуудлыг шийдвэрлэх цаг болсныг гэрчилсэн үйл явдал боллоо хэмээн ярьж байгаа юм.
Нас барсан хүүгийн сууж явсан завь осолдсоны улмаас дор хаяж 12 сири иргэн нас барсан хэмээн үзэж байгаа бөгөөд тэдний дунд таван хүүхэд байсан гэх албан бус тоо байна. Гэвч Аялан Курдээс бусдыг нь өнөөг хүртэл олдоогүй байгаа юм.
Түүнчлэн цагаач иргэдийн эсрэг хатуу бодлого барьж буй Их Британийн хэвлэлд “Юу болох нь энэ вэ? Дэвид Камерон” хэмээх гарчигтай, түүний хийж буй ажлыг шүүмжилсэн нийтлэл гарсан байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр 160 мянга гаруй иргэн Европын улс орнуудад цагаачилсан гэх бөгөөд тэдний ихэнх нь Сири, Афганистан, Пакистан, Африкийн иргэд байгаа юм.