Цагаачид Будапештийн галт тэрэгний буудалд эсэргүүцэл зарлаж байна
Ойрхи Дорнод болон Африкаас цагаачид, дүрвэгчид олноороо очих болсны улмаас Европын улсуудын галт тэрэгний буудлууд хаагдахад хүрч, төмөр замын үйлчилгээ саатаж байна.
Унгарын нийслэл Будапешт хотын Германы чиглэлийн терминал руу дүрвэгчид болон цагаачид олноороо дайрсны улмаас тус төмөр замын буудал түр хаагаад байгаа юм.
Цагаачдын ихэнх нь Будапештээр дамжин Германыг зорихыг хүсэж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө 2000 гаруй цагаач тус хотын Келети галт тэрэгний буудалд хоногложээ.
Австри болон Герман руу галт тэргээр зорчих тасалбараа аль хэдийнэ худалдан авсан цагаачид төмөр замын буудлыг түр хаах Унгарын эрх баригчдын шийдвэрийг эцэргүүцэн жагсаж байна.
Жагсагчдын ихэнх нь "Эрх чөлөө" гэсэн уриа лоозонг барьсан аж. Харин Унгарын эрх баригчид дээрх шийдвэрийг холбоотон улсынхаа хилийг хамгаалах үүднээс гаргасан гэж тайлбарлажээ.
Грек, Итали, Унгар улсууд зөвхөн Ойрхи Дорнодоос ч бус, бусад улс орнуудаас ирсэн цагаачдын Европ руу нэвтрэх гүүр болдог гэдэг утгаараа хамгийн их ачааллыг өөртөө авч байна.
Өнгөрсөн сард Европ руу орж ирсэн цагаачдын тоо 107.5 мянгад хүрсэн юм.