Украины дотоод тэмцэл ширүүслээ
Оросын талыг баримтлагчдын хяналтад байгаа бүсүүдэд илүү эрх мэдэл олгох шинэчлэлтийг Украины Үндсэн хуульд оруулах эсэхийг тус улсын хууль тогтоогчид хэлэлцсэн нь тус улсын дотоодын тэмцлийг улам хурцатгав.
Энэхүү хуулийн төслийг эсэргүүцсэн 3000 гаруй иргэн Украины парламентын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
Жагсаалын үеэр нэгэн үл таних этгээд Украйны Парламентын ордны гаднах талбайд байсан цагдаа нарын зүг тэсрэх бөмбөг шидсэний улмаас Украины аюулаас хамгаалах хүчний нэг гишүүн амиа алдсаж, 120 гаруй хүн шархдлаа.
Энэхүү ширүүн мөргөлдөөний дараахан Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Цочирдом явдал. Парламентын ордны гадна болсон явдлыг үгээр илэрхийлэх арга алга. Энэ бол Украйны эсрэг гэмт хэрэг. Энэ ажиллагааг зохион байгуулсан хэн бүхэн, улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчдөд хатуу хариуцлага тооцох ёстой. Энэ ажлыг миний бие хяналтдаа авна. Би хууль хэрэгжүүлэгчидтэй уулзсан. Шударга мөрдлөгийн ажлыг явуулах тодорхой тушаал өгсөн байгаа. Дан ганц халдлагыг зохион байгуулагчид бус, тэдний ар дахь хүмүүс, улс төрчид хариуцлага хүлээх ёстой" хэмээн онцолсон юм.
Украйны Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр хууль сахиулагчид гар бөмбөг дэлбэлсэн этгээд болон 30 орчим хүнийг баривчилсан байна. Албаныхан гар бөмбөг дэлбэлсэн этгээдийг сайн дураараа салан тусгаарлагчидтай тулалдаж байсан цэргийн албан хаагч, үндсэрхэг үзэлт “Свобода” намын гишүүн болохыг тогтоожээ. Хүнд бэртэл авсан хохирогчдийн дийлэнх нь цагдаагийн ажилтнууд байгаа аж. Түүнчлэн Украйны хэвлэл мэдээллийн байгууллагын албан хаагчид, Францын хоёр сэтгүүлч эмнэлэгт хүргэгдээд байна. Даваа гарагт хууль тогтоогчид салан тусгаарлагчдын эзэмшлийн бүсүүдэд илүү бие даасан эрх олгох хуулийг урьдчилсан байдлаар дэмжсэн бөгөөд эцсийн санал хураалтыг ирэх 12 дугаар сард явуулах товтой байгаа юм. Тус улсын Парламентын 450 гишүүний 300 нь хуулийн төслийг дэмжвэл батлагдах бөгөөд даваа гарагийн байдлаар нийт гишүүдийн 265 нь дэмжсэн хариу өгчээ. Украйны үндсэрхэг үзэлтнүүд дээрх хууль хэрэгжсэнээр улсыг улам задруулна хэмээн эмээж байгаа юм.