7960 хүүхэд Бүгд найрамдах Македони улсаар дамжин цагаачилжээ
Европод хууль бус цагаачдын асуудал улам хүндэрч байна. Долоодугаар сарын дундаас наймдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд 50 мянга гаруй хууль бус цагаач Бүгд найрамдах Македони улсаар дамжин баруун Европын орнууд руу гарсан тухай тус улсын Дотоод яам мэдээлж байна.
Яамны мэдээгээр энэ оны долоодугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 30-ны хооронд Македонид 51.3 мянган дүрвэгч бүртгэгдсэн, үүнээс 35,4 мянга нь эрчүүд, 7000 нь эмэгтэйчүүд, эцэг, эхтэйгээ хамт яваа 7960 хүүхэд, мөн эцэг, эх нь орхисон 898 хүүхэд байна. Эдгээр хууль бус цагаачдын олонх нь буюу 41 мянга нь Сирийн иргэд, мөн 2,5 мянга нь Афганчууд, 3 мянга орчим Иракчууд, 1,5 мянга нь Пакистаны иргэд байгаа аж. Үүнээс гадна дүрвэгчид дотор Палестин, Сомали, Бангладеш, Конго, Нигери, Камерун, Эритрей, Этиопын иргэд байна. Европыг зорьж байгаа дүрвэгчид дунд Түркээр дамжин Балканы хойгийн аль нэг оронд очиж, тэндээсээ Европын орон руу гарах “Дорнын маршрут”, эсвэл хойд Африкаас Газрын дундад тэнгис гатлан Итали, Мальт, Грект очих “төв маршрут” гэсэн хоёр сонголт байдаг байна.
Газрын дундад тэнгис гатлах нь нэлээд эрсдэлтэй зам, загасчдын жижиг завинд суусан хүмүүс замдаа осолдох, живэх асуудал сүүлийн үед маш их гарч байгаа. Зарим мэдээгээр 2015 он гарсаар Газрын дундад тэнгист живж амиа алдсан хүний тоо 3 мянга хүрч, 200-аад мянган цагаачийг Европын эргийн хамгаалалтынхан аварсан байна.