Авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлнэ
Индонез. Индонезийн тусгаар тогтнолын өдрөөр шоронд ял эдэлж буй авлигын олон зуун гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээр болсноо Хууль, хүний эрхийн яамнаас мэдэгдлээ. Ялаа хөнгөрүүлж буй гэмт хэрэгтнүүдийн дунд зард гарсан татварын ажилтан асан Гаус Тамбунан, Ардчилсан намын Санхүүгийн асуудал хариуцсан дарга асан М.Назаруддин зэрэг олон тооны хүн багтаж байгаа аж.
Засгийн газраас 2786 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлэхээс болсны 1938 нь авлигын гэмт хэрэгтэн байгаа хэмээн тус яамны хэвлэлийн төлөөлөгч Акбар Хади мэдэгдэв. Үүнээс гадна нэмэлт байдлаар үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан авлигын 848 гэмт хэрэгтний ялыг хөнгөрүүлээгүй байгаа гэж мөн мэдэгджээ. Ялаа хөнгөрүүлээгүй байгаа 848 гэмт хэрэгтний тоонд Ардчилсан намын гишүүн асан Анжелина Сондах, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Акил Мочтар, Вантен мужийн захирагч Рату Атут Чосияах нар багтаж байгаа юм.
Засгийн газрын тогтоолд зааснаар ял эдэлж буй гэмт хэрэгтэн торгуулиа бүрэн төлсөн, хохирлыг бүрэн барагдуулсан, шүүх хуралдаанд дэмжлэг үзүүлсэн бол ялыг хөнгөрүүлэх боломж бүрдэнэ гэж заасан байдаг. Тус яам нь бүх насаараа хоригдох, эсхүл цаазаар авах ял шийтгүүлсэн, шоронгоос оргосон гэмт хэрэгтнүүдээс бусад гэмт хэрэгтнүүдийн ялыг 10 жилд нэг удаа хөнгөрүүлэх шийдвэр гаргах боломжтой байдаг. Харин Авлигыг устгах хорооны комиссар Жон Будигийн үзэж байгаагаар авлига зэрэг тусгай, онцлог шинж чанар бүхий гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг улам бүр чанга болгох ёстой аж. Хэрвээ авлигын гэмт хэрэгтнүүдийн ял хөнгөрүүлэх шаардлага, нөхцөлийг бусад гэмт хэрэгтнүүдийнхтэй адил хэмжээнд авч үзвэл авлигыг устгах үйл ажиллагаанд ашиглаж буй таслан зогсоох арга амжилтгүй болоход хүрнэ хэмээн “The Jakarta Post” сонинд ярилцлага өгөхдөө Жон Буди дурджээ.