Хойд болон Өмнөд Солонгосын хэлэлцээ үргэлжилж байна
Хойд болон Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн хэлэлцээний хоёр дахь шат Панмүнжом тосгонд үргэлжилж байна.
Солонгосын хойгийн байдал хурцадмал байгаа билээ. Учир энэ сарын 20-нд Өмнөд болон Хойд Солонгос харилцан гал нээжээ. Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд Хойд Солонгос их буугаар галласны хариуд Өмнөд Солонгосын тал гал нээсэн юм.
Үүнтэй холбогдуулан Хойд болон Өмнөд Солонгосын албаны хүмүүс энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хэлэлцээ хийсээр байна.
Өмнөд Солонгосыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ким Куан Жин тэргүүтэй албаны хүмүүс төлөөлж байгаа бол Хойд Солонгосыг Улс орноо нэгтгэх яамны нөлөө бүхий албан тушаалтан Ким Ян Гон тэргүүтэй албаны хүмүүс төлөөлж байгаа ч талууд одоогоор хэлэлцээрт хүрч чадаагүй байна.
Дашрамд хэлэхэд Панмүнжом нь Хойд болон Өмнөд Солонгосын уулзалтын цэг билээ. Өрнө Дорнын хүйтэн дайны зөрчилдөөний түүхэн талбар бөгөөд хагас зууны турш Солонгосын задралын түүхийг нотолж гэрчилж байгаа газар. Панмүнжом гэдэг нь газрын нэр бөгөөд албан ёсны нэр нь "Хамтарсан Нууц Бүс" гэсэн утгатай. Сөүлээс баруун хойд зүгт 62 км, хойд Солонгосын Пхёнянаас 215 км, Гесоноос 10 км-ийн зайтай.