Хойд Солонгос шинэ төрлийн зэвсгээр АНУ-ыг довтолно гэж заналхийллээ
АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам жил бүр уламжлал болгон явуулдаг цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 17-нд эхэлнэ.
Тэгвэл энэхүү сургуулилтыг Хойд Солонгосын тал эсэргүүцэн хэрвээ хил хязгаарынх нь ойролцоо цэргийн хамтарсан сургуулилт хийвэл хариуг нь урьд өмнө нь байгаагүй, шинэ зэвсгээр өгнө хэмээн мэдэгджээ.
"БНАСАУ-ын арми, ард түмэн АНУ-ын цөмийн зэвсгийн эсрэг винтов буугаар биш урьд өмнө нь үзэгдээгүй шинэ зэвсгээр хариу өгнө" гэж Хойд Солонгосын Батлан хамгаалахын яамны төлөөлөгч хэлснийг CNN иш татан мэдээллээ.
Түүнчлэн “АНУ дэлхийн аюулгүй байдлыг хадгалья гэж бодож байгаа бол цэргийн хамтарсан сургуулилт хийхээ нэн даруй болих хэрэгтэй” гэжээ.
Сануулахад эдгээр цэргийн сургуулалтыг Пхеньян өөрийн улсад нэвтрэх бэлтгэл гэж үздэг. Харин АНУ, Өмнөд Солонгос үүнийг хойд хөршийнхөө нэмэгдэж буй заналхийллын эсрэг авч буй арга хэмжээ гэдэг аж.