Google бүтцийн өөрчлөлт хийснээр хувьцааны үнэ нь 5 хувиар өсчээ
Интернэт дэх хамгийн түгээмэл хайлтын систем түүхэндээ анх удаа томоохон бүтцийн шинэчлэлт хийлээ. Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар "Alphabet" буюу Цагаан толгой хэмээх нэртэй компанийг шинээр зарласан байна. "Alphabet" нь нэг ёсондоо Google-ийн толгой компани болж байгаа юм. Түүний доор Google хайлтын систем орж, компаний нэг хэсэг нь болно.
"Alphabet"-ийн цахим хуудас "abc.xyz" бөгөөд компаний гүйцэтгэх захирал Ларри Пейж Google-ийн удирдлагыг өөрийн хамгийн итгэлтэй хүн болох Сундар Пичайд албан ёсоор шилжүүлжээ. Шинэчлэлийн гол зорилго нь Google-ийг илүү өргөн цар хүрээг хамарсан группын нэг хэсэг болгоход оршиж байсан гэжээ. Тэр ч утгаараа Google өнөөдөр энгийн нэг хайлтын систем хэмээх нэрнээсээ салж байгаа аж.
Компани нэрээ сольж, бүтцийн өөрчлөлт хийснийхээ дараа Google X хэлтэс, Nest термостат үйлдвэрлэгч, Calico зэрэг төслүүдийг хэрэгжүүлж эхлэн, "Alphabet" нэрийн дор Google илүү өргөн цар хүрээтэй бизнесээ үргэлжлүүлэхээр болжээ. Бүтцийн сайжруулалтын дараа Google-ийн хувьцааны үнэ 5%-иар өссөн байна.
Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар Google компани "Berkshire Hathaway"-тэй адил томоохон хөрөнгө оруулагчдын нэг болж магадгүй гэнэ. Одооноос эхлэн Calico, Nest, Fiber, хөрөнгө оруулалтын Google Ventures, Google Capital сан, Google X зэрэг хэлтсүүд "Alphabet"-ийн охин компани болж байгаа бол Android, Youtube хоёр Google-ийн дор үйл ажиллагаагаа явуулах юм.