Оросын өмнөд нутгийг сүүлийн 30 жилд үзэгдээгүй царцааны нүүдэл дайрчээ
ОХУ-ын өмнөд нутгуудад олон сая царцааны нүүдэл бууж, үр тарианы талбайг сүйтгэсэн учир албаны хүмүүс бүс нутагт онц байдал зарлалаа. Тус бүр нь 8 сантиметр урттай тоо томшгүй олон шавьж эрдэнэ шиш болон бусад үр тарианы 800 га өргөн уудам талбайг устгаж байгаа аж. Оросын өмнөд нутагт сүүлийн 30 гаруй жилд ийм царцааны нүүдэл болоогүй гэж албаны хүмүүс хэлж байгаа юм.
Одоогийн байдлаар, тэд нийт ургацынхаа 10 хувийг алдсан бөгөөд царцааны нүүдэл өнгөрч дуустал нутгийн фермерүүд амь зуулгаа алдах аюулд байсаар байна. Ставрополь бүс нутагт эрдэнэшиш тариалдаг фермер Петр Степанченка “Асар их түгшиж байна. Тэрийг хар даа. Манай эрдэнэшишнээс юу ч үлдсэнгүй. Царцаанууд навчнаас нь гол хүртэл бүгдийг нь идчихсэн” хэмээн ярьжээ.
Оросын телевизүүд царцааны нүүдлийг үер, цаг агаарын халалт зэрэг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас онц байдал зарласан боловч ургац алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байна. Тэд ургацаа авч үлдэхийн тулд шавжны хор цацаж байгаа боловч халалтын улмаас тэдний ашиглаж байгаа хорны нөлөө буурч байгаа гэнэ.
Өмнөд нутагт царцаа хэт хурдан нүүдэллэж байгаа учир эрх баригчдын авч байгаа арга хэмжээ хоцорч байна. “Халимаг, Астрахань, Волгоград болон Дагестанд идэх хоол үлдээгүй учир царцаанууд хүнсний өөр эх сурвалж хайн нүүж байна” гэж ОХУ-ын Хөдөө Аж Ахуйн төвийн Татьяна Дришчева ярьжээ.