Путины хэвлэлийн төлөөлөгч 620 мянган ам.долларын цаг зүүсэн нь шуугиан дэгдээлээ
ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгчийн үнэтэй цагт хамгийн анх тус улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный анхаарлаа хандуулж, олон нийтийн сүлжээгээр “Путины туслахад ийм үнэтэй цаг авах мөнгө хаанаас гарч ирэв” гэсэн утгатай мэдээлэл тараасан нь галд тос нэмсэн юм.
Харин Дмитрий Песков цагийг түүний эхнэр Татьяна Навка өгсөн, "Эхнэрийнхээ хуримын бэлгийг зүүхгүй байж чадсангүй" гэв.
Түүнчлэн эхнэрийнх нь өгсөн бэлэг авлига, хээл хахуультай ямар ч холбоогүй байх гэж бодож байна гэжээ.
Түүний эхнэр Татьяна Навка энэ мэдээллийг баталж, нөхөртөө цаг бэлэглэсэн нь үнэн, гэхдээ хүмүүсийн хэлээд байгаа шиг тийм ч үнэтэй эд биш гэсэн юм.
Харин Оросын сэтгүүлчид Песков үнэтэй цаг зүүсэн зураг аль дөрвөн сарын өмнө интернэтэд тавигдсаныг олж мэджээ.
Песковийн охины Instagram хуудсан дээр дөрвөн сарын өмнө оруулсан зурган дээр Песков 620 мянган ам.долларын үнэтэй цагаа зүүсэн нь харагдаж байгаа юм.
Дмитрий Песков охины хамт
Путины хэвлэлийн төлөөлөгчийн албан ёсны хөрөнгө орлогын тайланд Песков 2014 онд 9.1 сая рублийн орлого олсон гэж тайлагнажээ.
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч, Авлигатай тэмцэх сангийн үүсгэн байгуулагч Алексей Навальный ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга тансаг зэрэглэлийн, үнэтэй хэд хэдэн цагтай гэсэн мэдээллийг өөрийн цахим хуудсаар тараажээ.
Авлигатай тэмцэх сан Дмитрий Песковийг орлогоо нийтэд ил тод тайлагнахыг шаардаж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Дмитрий Песковийн хувьд энэ бол гурав дахь гэрлэлт юм. Тэрбээр өмнөх хоёр эхнэрээсээ гурван хүүхэдтэй. Харин Навка, Песков хоёрын харилцаа 2010 оны зунаас эхэлжээ.