Атлантын далайн ёроол Франц дарсны агуулах болно
Дарсныхаа чанар, хадгалах нөхцөлөө сайжруулах үүднээс Францын дарс үйлдвэрлэгчид Атлантын далайн ёроолд агуулах хийх шийдвэрийг гаргажээ. Зургадугаар сарын сүүлээр “Crédit Agriciole Grands Crus” компани Уэссан арлын эрэг хавьд 90 метрийн гүнд хэдэн арван лонх дарс байршуулсан аж.
Эдгээр дарс есөөс 24 сар хүртэл хадгалагдсанаар чанар сайжирна гэж үзсэн байна. Уг туршилтад 2011 онд үйлдвэрлэсэн “Chateau-Grand-Puy Ducasse”, “Chateau Meyney” болон “Chateau-Blaignan” нэртэй дарснууд хамрагджээ.
“Далай манай дарсны хадгалах нөхцөл, амтны чанарыг сайжруулна. Усны гүнд байршуулахад зориулан дарсуудыг тусгайлан сонгосон. Усны гүнд зөвхөн шил төдийгүй дарс өөрөө өөрчлөгдөнө” хэмээн компанийхан онцолсон байна.
Далайн гүнд “өдрийн гэрэл тусдаггүй, бүтэн жилийн турш усны хэм нэг хэвэнд байдаг” хэмээн компанийн мэргэжилтнүүд үзжээ. Гэсэн хэдий ч далайн ёроолд дарс хадгалахад дутагдал бий. Атлантын далайн гүний урсгал хүчтэй, тэр нь дарсны чанар болон аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болох юм. Тиймээс компанийхан далайн шуургаас хамгаалах тусгай тавиур бэлтгэжээ.
Харин гаргаж авсны дараа тусгай амталгаа явуулна хэмээн дарс үйлдвэрлэгчид амлаж байна.