Монголыг далласан Шанхай

2015 оны 7 сарын 16

Москвагаас 1000 гаруй км-т орших Башкирын нийслэл Уфа хотноо долдугаар сарын 9-10-нд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болж, өндөрлөлөө.

 

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй албаны хүмүүс оролцон, ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалахаа тодотголоо.

Хилийн бүс дэх маргааныг зохицуулах зорилготойгоор анх суурь нь тавигдсан ШХАБ-д Монгол Улс 2004 онд анхны ажиглагч статусыг авсан юм. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиглагчийн статусаа “Идэвхитэй ажиглагч” гэдэг агуулгаар баяжуулснаас өөрөөр тодотгоогүй юм.

ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох үеэрээ хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтцийн салбарт тэр дундаа дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн нь эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү ач холбогдол өгөхөө тодотгосон хэрэг байв.

Мөн энэ үеэр Монгол, Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридор байгуулах судалгааг эхлүүлэх шийдэлд хүрсэн юм. Хоёр сарын дараа ажлын хэсгүүд ажиллаж, Монголын нутгаар дайруулан нефтийн хоолой тавих уу, газ хоолой явуулах уу. Цахилгаан дамжуулах хоолой татах уу, хос төмөр зам тавибал харилцан ашигтай байж чадах уу. Энэ бүхнийг нарийвчлах судалгааны ажил эхлэх болж байна.

Монголыг ШХАБ-ын гишүүн орон болгохын тулд ОХУ, Хятад сүүлийн хоёр жил дараалан шахалт үзүүлжээ. Харин судлаачид Монгол Улс тус байгууллагад гишүүн орон болоход эерэг болоод сөрөг үр дагаврыг сайтар тооцох шаардлагатайг анхааруулж байна. Ингэхдээ одоогийн ажиглагчийн статусаа тогтвортой хадгалан цаг хожих нь гуравдагч хөршүүдтэй харилцах харилцаа батжих, цаашлаад ШХАБ дахь хоёр том гүрний нөлөөллийг бууруулах сэжим болж мэднэ гэж үзэж буй.

Одоогоор тус байгууллагын гишүүн орнуудын тоо ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистанаар хязгаарлагддаг. Товчхондоо ШХАБ байгуулагдсан 14 жилийн хугацаанд Узбекистан л гишүүн орон болсон бол энэ удаад Энэтхэг, Пакистан хоёр ажиглагчийн статусаа ахиулах процессыг эхлүүлсэн юм, жилийн дараа бүрэн эрхт гишүүн нь болно.

Эдгээр орнууд ШХАБ-ын гишүүн орон болсноор ОХУ-д илүү ашигтай тусах буюу Хятадын нөлөөллийг бууруулахад голлох нөлөө үзүүлнэ гэж харах судлаачид олон байна. Харин идэвхитэй ажиглагчийн статустай Монгол Улсын хувьд энэхүү процессыг анхааралтай ажиглаж, дараагийн нүүдлээ бодно.

ШХАБ-ын 16 дах удаагийн дээд хэмжээний уулзалт ирэх жил Узбекистаны Ташкент хотод зохион байгуулагдахаар боллоо. Энэ нь тус байгууллагын дүрмийн хүрээнд заасанчлан ШХАБ-ыг даргалах эрх Узбекистанд шилжиж, ОХУ халаагаа өглөө гэж ойлгож болох юм.

Монгол, Оросоор нэвтрэх бараанд давхар шалгалт хийхгүй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/- ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 15 дугаар хуралдааны хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны хөгжлийг дэмжих таатай нөхцөл бүрдүүлэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын ерөнхий хэлэлцээр , Хилийн боомтын хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Хилийн бүтээн байгуулалтын газар хоорондын ерөнхий хэлэлцээрт гурван улсын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан юм.

Тодруулбал, гурван улсын гаалийн байгууллагын хооронд хамтран ажиллах гурван талт хэлэлцээрийг хоёр чиглэлээр байгууллаа. Тухайлбал, ОХУ-ын Гаалийн байгууллагатай байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурснаар дамжин өнгөрөх нэр бүхий бараа бүтээгдэхүүнд давхар шалгалт хийхгүй болж байна. Өөрөөр хэлбэл, Алтанбулагийн гааль дээр дээр шалгалт хийсэн барааг дахин шалгахгүй гэсэн үг. Эхний ээлжинд ОХУ-аас Монгол руу 52 нэр төрлийн барааг, Монголоос ОХУ-руу гурван нэр төрлийн барааг давхар шалгалт хийхгүйгээр нэвтрүүлэхээр хэлэлцээрт тусгасан юм. Алсдаа Монголоос ОХУ-руу нэвтрүүлэх барааны нэр төрлийг олшруулах аж.

Албаны хүний тодотгосноор хойд хөршөөс тоног төхөөрөмж, гэр ахуйн хэрэглэл зэрэг 52 нэр төрлийн бараа давхар шалгалтад орохгүйгээр Монголын нутагт нэвтрэх бол Монголоос ОХУ-руу эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, монгол гэр давхар шалгалтад орохгүйгээр нэвтрэх нь.

Хятадын талтай Монгол улс дамжин өнгөрөх бараа, бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг электрон байдалд шилжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хөршүүд Монгол Улсын боомтыг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгоход идэвхитэй хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэхээр болсон юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23769
0 эможи
keyboard_arrow_up