Индонезэд цэргийн тээврийн онгоц унаж олон хүний амь эрсджээ
Индонезийн Суматра арлын Медан хотын орон сууцны дүүрэгт өчигдөр /VI.30/ цэргийн тээврийн онгоц унаснаас 100 гаруй хүн амь үрэгдсэн байж магадгүй гэж албаныхан мэдээлж байна. “Hercules C-130” цэргийн тээврийн онгоц орон сууцны хоёр барилгыг мөргөж унасан аж.
Нисэх хүчний дарга Агус Суприатна ослын газарт очих үеэрээ цэргийн онгоцонд 113 хүн зорчиж явсныг хэвлэлийнхэнд мэдээлжээ. Цэргийн тээврийн онгоц техникийн доголдлын улмаас бааз руугаа буцаж явахдаа унаж осолдсон байна. Одоогийн байдлаар 66 хүний цогцсыг олж гаргасан байна. Гэхдээ онгоцны ослын улмаас яг хэдэн хүн амь үрэгдсэнийг нарийн мэдээлэх боломжгүй байгааг албаныхан хэлжээ.
Ослын газарт олон хүний бүрэлдэхүүнтэй том хэмжээний аврах ажил үргэлжилж байна.
“Hercules” тээврийн онгоцыг 1964 онд үйлдвэрлэсэн байжээ.
Индонезийн Медан хотод 10 жилийн хугацаанд онгоц унасан хоёр дахь осол энэ боллоо. Өмнө нь 2005 оны есдүгээр сард “Boeing 737” онгоц Медан хотын Полониа нисэх буудлаас хөөрснийхөө дараахан орон сууцны дүүрэгт унаж байжээ. Ослын улмаас 143 хүн амь үрэгдсэн аж.