Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн энэ сарын 23-27-нд АНУ-д хийсэн ажлын айлчлал (фото мэдээ)
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зөвхөн том компаниудын түвшинд биш дунд болон бага бизнесүүдийн харилцааг өргөжүүлэх талаар санал тавьж АНУ-ын тал уг асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-аас Монголруу орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болно гэдгийг Дэд ерөнхийлөгч хэллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Вашингтон дахь Америкийн хамгийн нэр хүндтэй таван байгууллагын нэг АНУ-ын Худалдааны танхимын бизнес форумд оролцож үг хэлэхдээ Монгол Улс урт хугацаанд бизнесийн найдвартай түнш байх болно гэж онцоллоо
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын санхүүгийн корпорацийн /ОУСК/ дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ж.Цай болон Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын /ОТХОББ/ гүйцэтгэх захирал, хатагтай К.Хонда нартай ажил хэргийн уулзалт хийлээ. ОУСК нь 1997 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээж, санхүүгийн салбарыг дэмжих, дэд бүтэц, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх, эдийн засгийн төрөлжилт, жижиг бизнесийг дэмжих, зөвлөгөө өгөх, санхүүгийн бүтээгдэхүүн нийлүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд манай улсад 470 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
АНУ-ын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдсон, тус улсын нөлөө бүхий улс төрчдийн нэг Жон Маккэйнтэй уузллаа. Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбоотойгоор Жон Маккэйн санал оруулж, Монголын ардчиллыг дэмжсэн тухай АНУ-ын Конгрессын тогтоол гарахаар болжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын ардчиллын түншлэлийн дарга, Конгрессын гишүүн П.Роскамтай уулзлаа. Ноён П.Роскам Ерөнхий сайдыг АНУ-д ажлын айлчлал хийж буйд талархал илэрхийлээд ийм уулзалт ярилцлага нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хувь нэмэртэй гэдгийг онцолжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа. Тэд АНУ-ын Конгресс дахь Монголыг дэмжих Бүлгийг хамтран тэргүүлж буй юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Тус банк 100 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын анхны томоохон арилжааны банкуудын нэг “Жи Пи Морган” банкны Засгийн газартай хамтын ажиллагаа хариуцсан захирал Дайнел Силиконтой уулзлаа. Тус банктай 450 сая ам.долларын дүрмийн сантай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар ярилцаж, талууд тус бүр 200 сая ам.доллар гаргахаар тохиролцлоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцлаа. Тус төвийн удирдлагуудтай уулзах үеэрээ Ерөнхий сайд төр засгийн 180-аад үйл ажиллагааг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлэх төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм.Уулзалтаар Монгол Улсад био технологи, био эмийн үйлдвэрлэл бий болгох, энэ чиглэлийн судалгааны ажлуудыг манай улстай хамтарч хийх асуудлыг хөндөж талууд харилцан санал солилцлоо.