Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг дэлхийн банкны гүйцэтгэх захиралтай уулзжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны тэргүүлсэн Засгийн газар амжилттай даван туулна гэдэгт итгэж байна гээд бололцоотой бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа Дэлхийн банкны гүйцэтгэх захирал илэрхийллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд Дэлхийн банкны гүйцэтгэсэн үүргийг үнэлдгээ илэрхийлээд өнөөгийн хүндрэлээс гарахад хамтран ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.
Уулзалтын үеэр эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөлд мөнгөний бодлогын асуудлаар ажил хэргийн яриа хэлэлцээ өрнөлөө.
Дэлхийн банк 2016 оны төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.
Дэлхийн банк нь хөгжиж буй улс орнуудад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор зээл тусламж үзүүлдэг, 188 гишүүн орон бүхий олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд дэлхийн II дайны дараах сэргээн босголтыг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор байгуулагдсан.
Тус банк нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн захиргаа, дэд бүтэц, санхүүгийн болон хувийн салбарын хөгжил, хөдөө аж ахуй, байгаль орчин, байгалийн баялгийн удирдлага зэрэг салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, хүүгүй болон бага хүүтэй зээл олгодог юм.
Мөн хөгжиж буй улс оронд бодлогын зөвлөгөө өгөх, судалгаа, шинжилгээ хийх, техникийн тусламж үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2030 он хүртэлх зорилтдоо өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой иргэдийг 3 хувиас ихгүй байлгах замаар нэн ядуурлыг бууруулах, улс орнуудын орлогын өсөлтийн доод түвшинг 40 хувьд хүргэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.