Дэлхийн газрын гүний ус хурдацтай багасч байгааг илрүүлжээ
Дэлхийн газрын гүний усны түвшинд NASA агентлаг, Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хамт судалгаа явуулж ус хурдацтай буурч байгааг илрүүлжээ.
2003 оноос 2013 оны хооронд GRACE хиймэл дагуулаас авсан гэрэл зураг дээр үндэслэн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна. Тэд гүний уснаас Дэлхийн татах хүч хамааралтай байдгийг мөн давхар судалсан аж.
Энэтхэг, Пакистан, Хойд Африкийн орнуудад хүн амын суурьшил ихтэй, нэн ядуу бөгөөд гүний усны алдагдал өндөр байгааг эрдэмтэд онцолжээ. Гол нь эдгээр бүс нутагт ундны усны өөр эх сурвалж байдаггүй гэнэ.
Арабын бүс нутгийн усны түвшин хамгийн ноцтой гэдгийг эрдэмтэд анхаарууллаа. Учир нь энэ бүс нутгийн усны нөөц 60 сая хүнийг ундаалж байдаг боловч нөхөн сэргээгддэггүй юм байна. Дэлхийн хүн ам гүний усны 35 хувийг ашигладаг учир ийм байдал маш ноцтой гэж шинжээчид үзэж байгаа юм.