“Хүн аалз” бүгдийг чадна
Өнгөрсөн ням гаригт, “Францын хүн аалз” гэгдэх болсон Ален Роберт Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нийслэл Дубай хотын тэнгэр баганадсан "Cayan" цамхаг руу ээлжит авиралтаа хийлээ. Энэ жил 52 настай Алан Роберт хамгаалалтын ямар ч хэрэгсэлгүйгээр зөвхөн хурууныхаа өндгөнд тууз наан, шохой түрхэн эгц өндөр барилгууд руу авирдаг аж.
Ням гарагт тэрээр 307 метрийн өндөртэй тус цамхаг руу 70 минутын хугацаанд авирч дээвэр дээр нь гарсан байна. Тэрээр 08:00 цагаас тус цамхаг руу авирчээ. Учир нь жилийн яг энэ үед тус улсад өдөртөө цельсийн 40 градус хүрч халдаг байна. Цамхагийн орой дээрээс тэрээр гараараа даллахад хүмүүс алга нижигнүүлэн ташиж, баяр хүргэжээ. Алан Роберт “Дубайд өндөр барилга цөөн юм. Гэхдээ энэ барилга миний сонирхлыг татсан. Зарим нэг барилга руу нь ч гэсэн авирах сонирхолтой байна” гэж ярьжээ.
2011 онд тэрээр дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубай хотын 828 метрийн өндөртэй Бурж Халифа барилга руу 6 цагийн дотор авирч гарсан удаатай. Тухайн үед зохион байгуулагчдын тавьсан шаардлагын дагуу хамгаалалтын бүстэй авирчээ. “Гиннесийн ном”-д бичигдсэн эл франц эр нийт 70 гаруй өндөр барилга дээр авираад байгаа аж.