Солонгост нутаг нэгтнийхээ чихийг халууцуулсан монгол залуус
БНСУ-д манай улсын иргэд ажиллаж амьдарсаар олон жилийн нүүрийг үзлээ. Хар ажилдаа сайн Монголчуудыг Солонгосчууд ч ажиллуулах туйлын сонирхолтой байв. Гэвч тус улсад очоод хэл ам гаргаж, хэрэг төвөгт орооцолдогчид олширч монгол залуусынхаа нэр хүндийг багагүй унагасан гэхэд болно. Адаглаад архи дарс хэрэглэж, агсам согтуу тавих асуудал мундахгүй их байсаар. Харин энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй БНСУ-ын ард иргэд монголчуудыг ажиллуулах тун ч дургүй болж байгаа сурагтай шүү.
Цаашлаад ажиллаж байгаа газраасаа хулгай хийх, гадуур дотуур явахдаа сурсан зангаа хаяж чадахгүй явах залуус цөөнгүй. Тэд улсынхаа нэрийг гаргаж, өөрийгөө баллаж хэрэг төвөгт холбогдож шалгагдаж, саатуулагдсаар байгааг нуух юун.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Сөүл хотын метроны 4-р шугам, Түндэмүн буудлын дамжин өнгөрөх цахилгаан шатан дээр монгол залуус Солонгос улсын иргэн, 24 настай Ким бүсгүйн гадуур хувцасны халаасанд байсан нэг сая воны үнэ бүхий смарт гар утсыг хулгайлсан байна. Тэдний хоёр хулгай хийхдээ хохирогчийн ард тулж зогсон, нэг нь тэдний дундуур гараа шургуулан утас хулгайлсан нь метроны камерт бичигдэн үлджээ. Тус хотын цагдаагийн газрын мэдээлснээр, тэдний нэгийг саатуулж, хоёрыг нь эрэн сурвалжилж байгаа аж.
Цагдаагийн ажилтнууд нууц камеруудын бичлэгийг нягтлан үзээд, тус улсад хууль бусаар амьдардаг Монгол улсын иргэн 27 настай М, 26 настай О нар, нэр нь тодорхойгүй нэгэн залуугийн хамт эл хэргийг үйлдсэнийг тогтоожээ. Улмаар М-ийг Сөүл хотын Имүндунг дүүрэгт байх гэрээс нь баривчилсан бол хоёр хамсаатан нь өөрсдийг нь эрэн сурвалжилж буйг таамаглан Монгол руу буцсан аж. Тэд нэг бус удаа бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон тул холбогдох хэргийг бүрэн гүйцэд шийдвэрлэхийн тулд эх орон руугаа буцсан хоёр залууг саатуулж, Солонгос улсын талд хүлээлгэн өгөх хүсэлтийг Монгол улсын Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байна.
Тэд Солонгос улсад түр ирээд байхдаа уг хэргүүдээ хийсэн бололтой. Янгжү дүүрэг дэх гадаа гудамжинд байрлуулсан автомашинуудын цонхыг хагалан дотор нь байсан барилгын голдуу зориулалттай 10 сая орчим воноор үнэлэгдэх багаж хэрэгсэлүүдийг , нийтдээ 7 удаагийн үйлдлээр хулгайлсан хэрэг үйлдсэнийг нь ч тогтоожээ. Ийм төрлийн хулгайн хэргүүд өнгөрсөн жилүүдэд ч гарч байсан билээ.
Өнгөрсөн удаад согтуу монгол залуус хоорондоо зодолдож байгаа дүрсийг солонгосчууд камерын дуранд буулгасан нь багагүй шуугиан дэгдээсэн. Түүний дараа солонгосын нэг иргэнийг хэл амаар доромжилж зодсон гэх монгол залуусын бичлэг ч цацагдаж байсан билээ.
Ийн “Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар өттэй “гэдэг шиг Солонгос улсад Монголчууд явсан газар балагтай гэх хэлц үг гарах шахаад байгаа аж. Тус улсад ажиллаж амьдарч буй Монголчууд гэмт хэрэгт холбогдох нь ихсэж байгааг албаныхан ч онцолж байна.