Насанд хүрэгчдэд зориулсан цэцэрлэг үүдээ нээлээ
Америкийн Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт ер бусын цэцэрлэг үүдээ нээлээ. Ер бусын гэсний учир нь тус цэцэрлэг бяцхан охид, хөвгүүдэд биш харин насанд хүрэгчдэд зориулагдсан юм.Тус цэцэрлэгт ирсэн хүмүүс өөртөө илүү итгэлтэй болох, “дотоод хүүхэд”-тэй холбоотой сэтгэлзүйн асуудлаа шийдэх боломжтой гэж сурган хүмүүжүүлэгчид үзэж байна.
Одоогийн байдлаар нэг бүлэг хуульч, зохиолч, программист гэх зэрэг зургаан хүнээс бүрдээд байгаа аж. Хичээл долоо хоногт нэг удаа болох бөгөөд энэ үеэр "хүүхдүүд" тоглох, зурах, шавраар баримал сийлэх, аялалд гарах зэрэг хөтөлбөрүүд зохион байгуулагдах юм.
Түүнчлэн бусад жирийн цэцэрлэгүүдийн адил үдийн цай, унтлагын цаг, эцэг эхийн хурал хүртэл болно. Эцэг эхийн хуралд "хүүхдүүд" өөрийн сонголтоор насанд хүрсэн хоёр танилаа дагуулж ирэх хэрэгтэй гэнэ.
Насанд хүрэгчдэд зориулсан тус цэцэрлэгийн үнэ хямд биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх. Хүмүүжигчдийн санхүүгийн чадавхаас хамааран 333-аас 999 ам.долларын хооронд хэлбэлзэх аж.