Ховордсон амьтадыг циркт тоглуулахгүй
Мексикийн удирдлагууд циркийн тоглолтод зарим амьтаныг оролцуулахыг хориглосон хуулийн төсөл боловсруулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнөөдрөөс эхлэн циркийн тоглолтод нэн ховордоод буй цагаан бар болон заан, тахь, кобра могой, арсланг оролцуулахыг хориглосон байна. Циркийн төлөөлөгч С.Пэйн “Мексикийн удирдлагуудын гаргасан шийдвэр амьдралаас хэтэрхий тасархай байна. Амьтдыг сургах нь хуулиас гадуур зүйл биш” гэж хэлжээ.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Мехико хотын удирдлагууд, тус хотод үйл ажиллагаагаа явуулдаг циркт амьтан тоглуулахыг бүрмөсөн хориглосон билээ. Энэхүү шийдвэрийг зөрчих юм бол 45-50 мянган ам.долларын торгууль төлөх юм. Ийнхүү циркийн тоглолтод амьтан оролцуулахгүйгээс болж, Мехико хотноо үйл ажиллагаагаа явуулдаг төрийн 14, хувийн 11 циркийн орлого 50 хувиар буурчээ. Энэ сарын эхээр циркчид дээрх шийдвэрийг эсэргүүцэж, жагссан ч цагдаа нарын хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям АНУ-д айлчлах үеэрээ Циркийн тоглолтод ан амьтан оролцуулахгүй байхыг олон улсаас хүссэн юм.