Италид 18 цагийн дотор 256 сантиметр цас оржээ
Итали улсад дэлхийн рекордыг эвдэхүйц их хэмжээний цас орсон тухай “CNN” агентлаг мэдээлж байна. Албан ёсоор баталгаажаагүй боловч Италийн Капракотта тосгонд пүрэв гарагт 256 сантиметр цас орсон гэнэ. 18-24 цагийн дотор ийм их хэмжээний цас орсон гэж нутгийн иргэд мэдээлжээ.
Харин Капракоттагаас 35 километр зайтай орших Пескокостанцо тосгонд 240 сантиметр хур тунадас буужээ. Энэ нь АНУ-ын Бостон хотод энэ оны нэг, хоёрдугаар сард орсон цаснаас их хэмжээтэй юм. Италийн цаг агаарын Метео Веб цахим хуудсанд нэг хүн цасны орой дээр зогсон, байшингийн хоёр давхарт байгаа хүнтэй гар барьж буй гэрэл зургийг тавьжээ.
Италид орсон цас дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох эсэхийг Дэлхийн Цаг уурын байгууллагаас судалгаа хийсний дараа шийдэх юм байна. Одоогийн уг дээд амжилтыг 1921 онд Колорадо мужийн Силвер Лэйк хот хадгалж байгаа аж. Тус хотод 24 цагийн дотор 75.8 инч буюу 192 сантиметр цас орж байжээ.