Өнөөдөр Цунамид амиа алдагсдыг дурсаж байна
Японы ард түмэн өнөөдөр гамшигт цунамигаар амиа алдсан ахан дүүсээ дөрөв дэх жилдээ дурсан санаж байна. Хохирогчдыг санан дурсах ёслол гамшиг болсон хот бүрт болжээ. Мөн нийслэл Токио хотод Эзэн хаан Акихито болон Хатан Мичико нар хүндэтгэл үзүүлэх ёслол зохион байгуулсан байна.
Үүнээс гадна 14.46 цагт үндэстэн даяараа хүндэтгэл үзүүлж нэг минут чимээгүй зогсчээ. Учир нь 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн яг энэ цагт есөн баллын хүчтэй газар хөдлөлт далайн гүнд болж аймшигт давалгаануудыг үүсгэж эхэлсэн хэмээн орон нутгийн хэвлэлүүд бичсэн байна.
Японы Үндэснийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр дөрвөн жилийн өмнө дэлхий нийтийг цочирдуулсан гамшгаар нийт 15891 хүн амиа алдсан нь тогтоогдсон бол 2584 хүний цогцсыг одоо хүртэл олоогүй байгаа бөгөөд сураггүй болсонд тооцож байгаа юм байна. Ард иргэд, эдийн засгийн томоохон хохирлоос гадна Фукушимагийн атомын цахилгаан станц гамшигт нэрвэгдэн эвдэрсэн нь байгаль орчны хувьд ихээхэн бохирдлыг авчирсан билээ.