Зоогийн газарт гал нээсэн этгээдийг буудан хороожээ
Чехийн цагдаа Угерски-Брод хотод олон хүн рүү буудсан эрийн гэрт нэвтрэн орж эхнэрийг нь баривчилжээ. Эхнэр нь гэртээ саад хийж, хүмүүсийг буудна хэмээн сүрдүүлсэн тул тусгайгийнхан дайран орж баривчлаад сэтгэцийн эмнэлэгт хүргэсэн байна.
Хоёр хоногийн өмнө Угерски-Брод хотын нэгэн зоогийн газарт буутай эр орж ирээд замбараагүй гал нээсэн юм. Тэрбээр 25 удаа буудахдаа хүмүүсийн толгой руу чиглүүлж байжээ. Үүний улмаас долоон эрэгтэй, нэг эмэгтэй амь үрэгджээ. Мөн нэг хүн шархдаж эмнэлэгт хүргэдсэн аж. Балмад этгээд хоёр буутай явж байсан бөгөөд тэнд ирсэн цагдаа нар мань эрийг буудан хороожээ. Хотын даргын мэдэгдэж буйгаар, тэрээр сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг нэгэн юм байна. Олон хүний аминд хүрсэн этгээд зоогийн газарт нэвтрэхээсээ өмнө орон нутгийн телевиз руу утасдаж “Би хүмүүсийг үзэн яддаг. Дарга нарын шийдвэр дандаа зэвүү хүргэдэг” хэмээн ярьжээ. Чехийн зүүн өмнөд хэсэгт байдаг Угесрки-Брод нь 16 мянган хүн амтай жижигхэн хот юм.