Японы Засгийн Газар "Эбола" тархсан бүс нутаг руу хүмүүсээ илгээхээ хойшлууллаа
Эбола” вирусийн халдвар тархсан бүс нутагт, тухайлбал Сьерра-Леон улс руу Өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнээс илгээхдээ яаравчлахгүй байх шийдвэрийг Японы Засгийн газар гаргасан тухай Киодо агентлаг мэдээлжээ.
"Хүмүүсээ илгээхийн тулд олон төрлийн бэлтгэл хангах хугацаа шаардлагатай. Тэгээд ч Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ийм хүсэлт ирүүлээгүй" гэж Киодо агентлаг Японы Засгийн газрын мэдээллээс иш татан дамжуулсан байна.
Токиогийн эрх баригчид урьд нь онцгой байдлын үед үзүүлж буй олон улсын тусламжийн хөтөлбөрт оролцуулах зорилгоор Өөрийгөө хамгаалах хүчний 400 хүртэлх тооны албан хаагчийг эм хэрэгсэл, ачаа хүргэх тээврийн хэрэгслийн хамт Баруун Африкт илгээхээр төлөвлөж байсан аж. Киодо агентлагийн мэдээлснээр, энэ төлөвлөгөөг Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани энэ сарын 18-нд Ерөнхий сайд Шинзо Абэд танилцуулжээ.
“Засгийн газар энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэж байгаа боловч одоогоор ямар нэгэн төлөвлөгөө боловсруулаагүй байна” гэж Японы Батлан хамгаалахын сайд Ёшихидэ Суга өнөөдөр мэдэгдлээ.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн оны хоёрдугаар сард Баруун Африкт тархсан “Эбола” вирусийн халдвараар амиа алдсан хүмүүсийн тоо 9000 давж, 23 000 гаруй хүн халдвар авсан байна.