Б. Обамаг далай ламтай уулзуулахгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг буддын шашны тэргүүн XIV Далай ламтай уулзуулахын эсрэг байгаагаа БНХАУ мэдэгдсэн байна. Учир нь энэ сарын 5-нд Вашингтонд болох шашны өглөөний уулзалтад Б.Обама оролцож, шашин шүтэх эрх чөлөөний тухай үг хэлэхээр төлөвлөөд байгаа аж. Уг уулзалтад дээрхийн гэгээнтэн Далай лам ч бас оролцох юм байна. Гэвч Хятадыг салан тусгаарлах тэрсүү үзэлтэн гэж үздэг Далай ламыг АНУ-ын төрийн тэргүүнтэй уулзах нь байж болшгүй хэрэг гэж Бээжин үзэж, Америкаар зогсохгүй аливаа улсын Засгийн газрийн тэргүүн Далай ламтай ямар нэг хэлбэрээр уулзаж, Түвд буюу Хятадын дотоод асуудлаар ярилцахыг эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ. Харин Цагаан ордны зүгээс Ерөнхийлөгч Б.Обама Далай ламтай сайхан харилцаатай боловч энэ удаа тэд тусгай уулзалт товлоогүй гэдгийг мэдэгдэж байгаа юм. Б.Обама Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Далай ламтай гурван ч удаа уулзсан.