БНХАУ-ЫН ДАРГЫН ЦАЛИН 62 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Коммунист намын дээд албан тушаалтан зургаан хүний цалинг 62 хувиар нэмэхээр болжээ. Си даргын сарын 7020 юанийн үндсэн цалинг 11385 юань буюу 1832 доллар болгон нэмж байгааг улсынх нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Мөн төрийн албан хаагчдынхаа цалинг 2006 оноос хойш анх удаа ирэх аравдугаар сараас нэмэхээр болжээ. Ийм шийдвэр гаргах болсон нь БНХАУ авлигатай тэмцэхийн зэрэгцээ бүтээлч байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой гэнэ.
Си Зиньпиний жилийн 22 мянга орчим долларын цалинг бусад улсын ерөнхийлөгч нарынхтай харьцуулахад хамаагүй бага хэвээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн жилийн үндсэн цалин нь 400 мянган доллар байдаг.
Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун нь дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч ажээ. Түүний жилийн үндсэн цалин нь 1,8 сая доллар гэнэ.