Монгол иргэний Mercedes бичил автобусыг оросын өмч болгожээ
ОХУ-ын Буриадын Тээврийн прокурорын газар Хиагтын боомтод саатуулагдсанаас хойш бүтэн жил эзэнгүй байгаа "Mercedes-Benz" загварын бичил автобусыг Оросын холбооны өмч болгох хүсэлтээ шүүхэд гаргажээ. Монголын нэгэн иргэн өнгөрсөн оны хоёрдугаар сард хилээр гарах гэж байгаад хил нэвтрэх журам зөрчсөн учраас машиныг нь саатуулж гаалийн зогсоолд тавиулсан юм байна. Хилийн шалган нэвтрүүлэх газрын хэвлэлийн албаны мэдээлснээс үзвэл машины эзнийг торгоод гаалийн шалгалт хийж бичиг баримт бүрдүүлсний дараа машинаа аваарай гэсэн байна. Гэтэл монгол иргэн машинаа авалгүй нэг жил өнгөрчээ. Ийм болохоор прокурорын газар машины эзэн өмчөө эргүүлэн авахаас татгалзаж байна гэж үзэн машиныг хаягдсан зүйл гээд ОХУ-ын өмч болгохоор шүүхэд хандсан нь энэ гэнэ. 2014 онд мөн л гааль дээр орхигдсон “Истана” маркийн машиныг ийн эзэн нь авахгүй байснаас улсын өмч болгож байсан юм байна.