Францчууд эв санааны нэгдлээ илэрхийлэн жагсацгаалаа
Ням гаригт Францын томоохон хотуудад терроризмыг эсэргүүцэн, үг хэлэх эрх чөлөөгөө дэмжихээр цугласан дөрвөн сая гаруй хүмүүсийн эв нэгдлийн марш боллоо.
Парис хотноо цугласан олны хоёр том эгнээ орой хотын гудамжуудаар жагсан явцгааж, түүнд тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон гадаадын олон зочид төлөөлөгчид оролцсон байна. Оросын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлэн оролцжээ.
“Парис бол Шарли” гэсэн гэрэлт бичиг сүүлийн хэд хоног Парисын Эрх чөлөөний талбай дээрх Бахархлын хаалган дээр асаж байгаа бөгөөд энэ нь зөвхөн хоосон үг төдий биш юм. Үүнийг илтгэн өчигдөр олон зуун мянган хүмүүс өөрсдийн Франц орноо, түүний ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө жагсахаар нэгдэн цугларцгаав.
Үд дунд гэхэд, ихэвчлэн гашуудлын хар бараан хувцас өмссөн олон хүмүүс төв талбай дээрээ цуглацгаасан бөгөөд эдгээр нь “Би бол Шарли” гэсэн бичигтэй Франц, Израил,Турк, Алжир, Мароккогийн далбаа барьсан байлаа. Мөн сэтгүүлчийн зэвсэг болох үзэг, харандааг барьцгаан, “Шарли” хэмээх нэрийг тунхаглаж, “Марсельеза”-г дуулцгааж байв.
Нэрт философич, математикч Рене Декартын “Би сэтгэж байгаа учраас оршиж байна гэсэн үг” хэмээх алдарт үгсийг бичсэн плакат талбай дээрх лоозонгуудаас хамгийн том нь харагдаж байлаа.
Жижиг мухлагуудын дээвэр, байшингуудын цонхны тавцан гээд байршил харгалзахгүй уриа лоозонгууд байсан бөгөөд энэ үеэр ямар нэгэн хорлон сүйтгэх маягийн сөрөг зүйлс гараагүй тул жагсагчдад цагдаагийнхан саад болоогүй аж.
Анх удаа 1990 онд Франсуа Миттеран еврейчүүдийн шарилыг доромжилсонтой холбогдуулан олон нийтийн жагсаалд оролцож байсан бол энэ удаа Ерөнхийлөгч Франсуа Олланд энэхүү нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцов. Мөн Ерөнхий сайд Мануэль Вальс, экс-ерөнхийлөгч Николя Саркози болон засгийн газрын гишүүд, Францын улс төрийн янз бүрийн хүчнүүдийн төлөөллүүд оролцлоо.
Гэвч францчуудын хувьд урьдын адил олон асуултууд хариу нэхсээр үлдэв: яагаад 35 нас ч хүрээгүй гурван залуу террорист болоход хүрэв?, тусгай албад мөрдөж мөшгөөд шалгаад байдаг атал яагаад тэднийг зогсоож чадсангүй вэ? гэх мэт.
Францын Засгийн газрын сүүлийн үеийн мэдээллээс харахад, 1,5 мянга орчим францчууд исламын бүлэглэлүүдтэй холбоотой болох нь тогтоогдсон бөгөөд энэ бол зөвхөн албан ёсны тоо баримт юм. Тэдний ихэнх нь Ирак, Сири улсуудад бэлтгэгдэж байгаа бөгөөд тэдний дотор олон охид бүсгүйчүүд ч байгаа аж.