Европчууд “өөдөө шидсэн чулуундаа” оногдож байна

2015 оны 1 сарын 10

Францын шог хэвлэлийн сэтгүүлчдийг буудсан явдал 2001 оны 9-р сарын 11-ний АНУ-ын халдлага, 2011 оны Норвегийн Брейвикийн гэмт үйлдэлтэй эн зэрэгцэн Барууны “жаргаж” буй түүхийн хуудаснаа орж байгаа талаар талаар зарим нийтлэлчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Эдгээр ажиллагаануудын нийтлэг зүйл нь зөвхөн олон хүмүүсийг хөнөөсөндөө бус, харин барууны соёл иргэншил өөрөө өөрийгөө устгаж байгааг гэрчилсэнд хэргийн учир оршиж байна.

Йемений “Аль-Каида”-тай холбоотой исламчууд францын шог сэтгүүлийн редакц руу дайран орж сэтгүүлчдийг буудан хөнөөлөө. Үүний гол шалтгаан нь – уг шог сэтгүүл нэг бус удаа исламчуудын ариун шүтээн Мухаммедыг болон исламын шашныг “матарласанд” оршиж байгаа аж /энэ сэтгүүл христийн шашинтнуудыг ч мөн доог тохуу хийж байсан аж/.

Энэ үйл явдалтай холбогдуулан францчууд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийцгээн, дэлхий даяар үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалах ажиллагаа явагдаж байна.

Барууны хэвлэлийнхний үзэж буйгаар, уг халдлагын гол зорилго нь “үг хэлэх эрх чөлөөг хаах явдал” байсан гэжээ. Францын экс-ерөнхийлөгч Николя Саркози:”Энд зөвхөн ардчиллын тухай, эсвэл нэг улсын талаар ярих асуудал биш. Энэ бол соёл иргэншилтэй холбоотой асуудал юм. Бүхий л соёл иргэншилт иргэд тэдний итгэл үнэмшил ямар байлаа ч гэсэн, нэгдэх нь зайлшгүй чухал байна. Энэ бол бүдүүлэг, ёс зүйгүй байдал соёлт хүн төрөлхтөнд дайн зарлаж байна гэсэн үг” гэжээ.

Мэдээж, тэрээр мусульманчуудыг шууд бүдүүлгүүд гээд нэрлээгүй хэдий ч энэ нь бүгдэд тэгж ойлгогдохоор байна. Иймэрхүү зүйлсийг бид 2001 оны 9-р сарын 11-нд арабуудын булаасан онгоц Нью-Йоркийн ихэр цамхагийг мөргөсний дараа ч сонсож байсан.

Гэвч орчин үеийн Барууны хувилбарын дагуу өөрсдийгөө соёл иргэншилт хүн гэж үзэхэд ямар нэгэн зүйл саад болоод байна. Магадгүй, болж буй бүх зүйлсийн ард байгаа худал хуурмаг явдал ч юм уу, эсвэл Барууныхны дуугарахгүй байгаа “тэр зүйл” байж болох.

Хүмүүсийг хөнөөнө гэдэг зарлигаа зөрчиж байна гэсэн үг. Тэгвэл барууны нийгэмд ямар зарлигууд үлдсэн бэ? Хэрэв эрх баригчид ч тэр, нийгэм нь ч тэр, итгэгч хүмүүсийн сүсэг бишрэлийг илт нээлттэйгээр доромжилж байхад нь юу ч дуугарахгүй атлаа “гомдоогчийг” хөнөөхөөр шийдсэн итгэгчтэй хууль зөрчсөн талаар ярих нь хэр шударга вэ? Ямар хуулийг зөрчсөн гэж? Бурхны юу, эсвэл хүн төрөлхтний, хууль зүйн алийг нь зөрчсөн гэж?

Элитүүд болон нийгмийн идэвхтэй хэсгийн ихэнх нь өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлсээс татгалзсан тийм оронд францын мусульманчууд амьдарч байна. Иймээс францын мусульманчууд зөвхөн өөрийн тав тухыг үнэлдэг тэдгээр хүмүүсийг хүндлэхгүй байгаа аж. Мусульманчууд бол өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хуулийн дагуу амьдарцгаадаг хүмүүс. Тэд өөрсдийнх нь эргэн тойронд бурхангүй, сул дорой, асуудал дүүрэн, итгэгч хүмүүст дээрэлхүү ханддаг үй түмэн хүмүүс байгааг мэдэрдэг бололтой.

Тэгээд ч, мусульманчууд францын хувьд харь хүмүүс. Тэднийг францчууд өөрсдөө нутагтаа оруулсан. Өмнө нь, францчууд исламын газар нутагт гал дөлтэй буун, тэднийг байлдан дагуулж, эзлэн түрэмгийлж байсан бол өнөөгийн нөхцөлд европт ирсэн мусульманчууд тэднийг колоничлож байсан нөхдүүд хичнээн гажуудалтай болохыг мэдэрдэг аж.

Нөхцөл байдал иймэрхүү байхад Франц улс Америкийг дагалдан Ойрхи Дорнод руу “загалмайтны шинэ аян дайн” хийж эхэлсэн нь “дайран дээр нь давс хийв” гэгч болжээ.Барууныхны зүгээс исламын ертөнцөд ардчилал, соёл иргэншил, хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх чөлөөг олгоно гэж ярьдагт тэд итгэдэггүй. Хэдийгээр европт төрж өссөн ч өөрсдийн уугуул нутаг орноо гадныхан оролцохдоо тулсан, яадгаа алдсан бүдүүлэг хоцрогдсон гэж үздэггүй аж.

Харин барууны эрх баригчид бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагаа ямар нэгэн зальтай үндэслэлээр халхавчилсаар байна. Жишээ нь, Сири, Ливи, Египетэд гэхэд, хэн байх нь хамаагүй, цэргийн дарангуйлагч, шиитүүд суннитууд гэсэн ойлголтыг бий болгон хөндлөнгөөс оролцсоор байна.

Барууны гол асуудал нь, лалын шашинд зөвхөн Ойрхи Дорнодын орнуудад бус, Баруунд амьдрагч хүмүүс ч итгэдэгт оршино. Парисын, Лондонгийн арабууд мусульман биш “цуст дарангуйлагч Асадтай” тулалдахаар явцгааж байна. Тэд цуст дэглэмийг унагааж өгөхөөр амласан Францаас тусламж хүлээн, Парис ч тэр, Лондон, Вашингтон ч ялгаагүй, босогчдыг санхүүжүүлж зэвсэглэн, эхлээд Ливид, дараа нь Сирид иргэний дайны галыг улам үлээн дүрэлзүүлж байгааг дэлхий нийт харж байна.

Энэ нь эргээд Баруунд хүндээр тусч, дайнаас буцаж гэртээ ирэгсэд /Европт төрж өссөн учраас тэдний гэр юм/ өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ европын нийгэм, улс орнуудаар хүндлүүлэхийг хүсэх хэдий ч үнэт зүйлд тооцогдохгүй байгаа зүйлийг хэн, хэрхэн хүндлэх билээ.  Энэ маягаар эцэстээ, Парисын халдлага шиг хүчирхийлэлд хүргэж буй бололтой.  

Европ энэ байдлаас гарахын тулд зөвхөн терроризмтэй тэмцэх бус, өөрийн гэсэн дүр төрх, үнэт зүйлсээ буцаан олох тэмцлийг явуулах шаардлагатай юм. Мөн цагаачлалын бодлогоо чангатган, бусад улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс хутгалдан оролцохоо зогсоож чадвал зөв голдрилоор хөгжиж чадна хэмээн шинжээчид үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15506
0 эможи
keyboard_arrow_up