Алибаба хуурамч бүтээгдэхүүн илрүүлэхэд 160 сая ам.доллар зарцуулжээ
Онлайн худалдаагаар тэргүүлэгч Хятадын Алибаба корпораци өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийж 25 тэрбум ам.долларын хөрөнгө босгож байсан билээ. Энэ нь АНУ-ын санхүүгийн зар зээлд дээд амжилт тогтоогоод байна. Тэгвэл тус корпораци хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оны арваннэгдүгээр сараас эхлэн онлайн худалдааны хүрээнд хэрэглэгчдэд хуурамч бараа, бүтээгдэхүүн хүргэхээс сэргийлсэн кампанит ажлыг өрнүүлж эхэлжээ. Жилийн хугацаанд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахаар 2000 гаруй ажилтан ажиллажээ. Мөн хуурамч бүтээгдэхүүний эргэн төлөлт, энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсийг илрүүлэх зорилгоор нийт 160 сая ам.долларыг зарцуулаад байгаа гэнэ. Компанийн удирдлагуудын мэдээлж буйгаар тус корпораци Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж энэ жилд л гэхэд 1000 гаруй ийм төрлийн хэргийг илрүүлсэн байна. Алибаба корпораци ирэх 2015 онд кампанит ажлаа өргөжүүлэхийн тулд дахин 200 ажилтан нэмж авахаар шийдвэрлэжээ. Сонирхолтой нь, эдгээр ажилтнууд онлайн чат, зурвасуудыг шалгах замаар хэрэглэгчдэд хуурамч бүтээгдэхүүн хүрэхээс сэргийлэх юм байна.