Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
Японы Ерөнхий сайдыг сонгох үйл явдлын өмнөхөн тус улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэ кабинетийн бүх гишүүдийнхээ өргөдлийг хүлээж авсан байна.
Либерал-ардчилсан намыг толгойлдог 60 настай Шинзо Абэ өөрийн албан тушаалаа хадгалж үлдэх аж.
Энэ сарын 14-ний өдөр явагдсан парламентын доод танхимын сонгуульд түүний нам хамтрагч Комэйто намын хамт нийлээд 475 суудлын бараг гуравны хоёрыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан билээ.
Японы Үндсэн хуулийн дагуу засгийн газрын тэргүүнийг сонгоход доод танхим шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул өнөөгийн Ерөнхий сайд албан тушаалдаа үлдэх нь бүгдэд тодорхой юм.
Засгийн газрын энэхүү огцролт нь Ерөнхий сайдыг парламентаар сонгохын өмнөх процедур ажиллагааны нэг хэсэг бөгөөд уг сонгууль өнөөдөр явагдах аж.