АНУ Хойд Солонгосоос нөхөн төлбөр шаарджээ

2014 оны 12 сарын 23

АНУ-ын Төрийн департмент даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Sony Pictures” компанийн сүлжээ рүү халдсан хэргээс үүдсэн хохирлыг төлөхийг Хойд Солонгосоос шаардлаа. “Тэд буруугаа хүлээж, тус компанид нөхөн төлбөр өгөх хэрэгтэй” гэж Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Мэри Харф сэтгүүлчдэд хэлжээ. Компанийн дотоод бичиг баримтыг нийтэд дэлгэж, компанийн удирдлагуудыг “Ярилцлага” киноны нээлтээ цуцлахад хүргэсэн энэхүү кибер халдлагын ард Пхеньян байгаа гэж Вашингтон үзэж байна. “Ярилцлага” хэмээх адал явдалтай, инээдмийн кинонд Хойд Солонгосын удирдагчийн аминд хүрэх гэж байгаа АНУ-ын Тагнуулын төв газрын хуйвалдааны тухай зохиомол үйл явдлыг харуулдаг юм. Энэ киног Хойд Солонгосын тал удаа дараа эсэргүүцэж байсан төдийгүй олон нийтэд үзүүлэхгүй байхыг НҮБ-аас хүртэл хүсч байжээ. Харин Пхеньян энэ халдлагыг үйлдээгүй гэж мэдэгдэж байгаа юм. Гэвч Вашингтон энэ халдлагад Хойд Солонгосын Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэдэгт итгэлтэй байна гэж Мэри Харф мэдэгджээ. Мөн тус улсын Засгийн газар “үүрэг хариуцлагаас зайлсхийдэг” олон жилийн туршлагатай хэмээн Харф цохон тэмдэглэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү кибер халдлагыг дайны үйлдэл биш гэж мэдэгдсэн ч үүнтэй ижил хариу өгнө гэж амлаад байгаа юм. Одоогоор АНУ-ын Засгийн газар “Sony Pictures”-ийн дотоод сүлжээг хакердсан хэргийн эсрэг авах олон төрлийн арга хэмжээг хэлэлцэж байгаа боловч үүний талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэж Төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Мэри Харф мэдэгдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14523
0 эможи
keyboard_arrow_up