БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И: Эдийн засгийн хүндрэлээ даваад гарах чадвар Орост байгаа
Улс орныхоо эдийн засагт тулгараад буй хүндрэл бэрхшээлийг даваад гарчих мэдлэг, боломжууд Москвад байгаа хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И үзэж байгаа аж. Тэрээр Оросыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад нь Хятад улс тусламжийн гараа сунгахад бэлэн гэдгийг мэдэгдсэн байна.
“Орос улс одоогийн байдлаар эдийн засагт нь тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг өлхөн даваад гарчих хангалттай мэдлэг чадвар, боломжуудыг агуулж байгаа гэдэгт бид итгэлтэй байгаа. Хятад-Оросын стратегийн түншлэл, хамтын ажиллагаа өндөр түвшинд байгаа бөгөөд бид түншдээ үргэлж дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Хэрэв Оросын талд шаардлагатай бол бид бүхий л чадлаараа шаардлагатай хамтын ажиллагааг өрнүүлэх болно” хэмээн Ван И өгүүлснийг South China Morning Post-д нийтэлжээ.
Дашрамд өгүүлэхэд, долоо хоногийн өмнө рублийн ханш түүхэнд байгаагүйгээр огцом унасан билээ. Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд Оросын Төв банк зээлийн хүүгээ жилийн 10,5 хувь байсныг 17 хувь хүртэл өсгөснийг та бид санаж байгаа. Баасан гариг гэхэд, валютын зах зээл дээр рубль харьцангуй тогтворжиж, нэг долларт харьцах ханш 60 рубль, евротой харьцах ханш нь 74 рублээс доош орж чадлаа.
Энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотноо уламжлалт хэвлэлийн бага хурлаа хийх үедээ өнөөгийн нөхцөл байдлыг давж гаран, оросын эдийн засаг сэргэх болно гэдгийг итгэлтэйгээр мэдэгдсэн бөгөөд хамгийн муугаар бодоход хоёр жилийн хугацаа шаардагдах болно гэсэн юм.
Оросын ард түмний сайн сайхан амьдралын төлөө Бээжингийн зүгээс Москвад туслах ёстой хэмээн Хятадын Гадаад худалдаа, эдийн засгийн дэд сайд Лун Юнту өмнө нь мэдэгдэж байв. “Орос улс нийтийг хамарсан хүндрэл бэрхшээлтэй тулгарсан үед Хятад улсын зүгээс эв санааны нэгдлээ илэрхийлэн, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь зүй ёсны хэрэг болно” гэж Лун Юнту онцлон тэмдэглэсэн билээ.
Олон улсын тавцан дээр хоёр орныхоо хүч нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Хятад улс Оростой хамтран олон тооны төслүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна, Оросын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу Хятадын коллег, хурандаа-генерал Чан Ваньцюантэй 11-р сард уулзсан үр дүнгийнхээ талаар мэдээлэл хийх үедээ хоёр орон 2015 онд Номхон далай болон Газар дундын тэнгист цэргийн хамтарсан сургуулилт хийх болсон тухай мэдэгдсэн билээ.