Машинаас татгалзвал мөнгө авна
Италийн Милан хотын захиргаа өдрийн цагаар хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцохоос татгалзсан оршин суугчдадаа мөнгөн төлбөр олгохоор шийдвэрлэв. Замын түгжрэл саарч, хөдөлгөөн хэвийн хэмжээнд орох боломжтой уг хөтөлбөрийг даатгалын Unipol, Octo Telematics байгууллагуудын оролцоотой хэрэгжүүлэх юм. Эдгээр компаниудаар үйлчлүүлдэг хүмүүсийн автомашинд тусгай төхөөрөмж байршуулах бөгөөд түүгээр машиныг ашиглаж байгаа хугацааг хянах аж. Хэрэв тухайн машин өглөөний 07:30-аас оройн 19:30 хүртэл хөдлөлгүй нэг газраа зогсвол эзэмшигчийнх нь үүрэн гар утсанд 1.5 еврогийн төлбөр орох болно. Энэ нь хотын дотор нийтийн тээврийн хэрэгслээр нэг удаа зорчиход хүрэлцээтэй мөнгө билээ. Милан хот Европ төдийгүй дэлхийд хамгийн их ачаалалтай замтай юм. Хоёр жилийн өмнөөс тус хотын захиргаа төв рүү орж ирэх машинуудаас төлбөр авч эхэлжээ. Ид ачаалалтай үед машинтайгаа зарим нэг төвийн дүүргээр орохыг хүсэгчид таван еврогийн төлбөр төлдөг байна.