Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хомроголон баривчилжээ
Туркт хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бөөнөөр нь баривчилсан хэрэг гарчээ. “BBC” агентлагийн мэдээлснээр телевиз болон сонинд ажилладаг 24 хүнийг цагдаа нар баривчилсан бөгөөд энэ нь сөрөгч хүчний намтай нягт холбоотой гэжээ.
Туркийн сөрөг хүчний удирдагч болох Исламын шашны санваартан Гюлен Фетхуллах бол өнөөгийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч юм. Баривчлагдсан хүмүүсийн дотор Туркийн нөлөө бүхий “Zaman” сонин, “Samanyolu” телевизийн сэтгүүлч, продюсер, зохиолчид байгаа аж.
Цагдаагийн газраас эдгээр хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хууль бус байгууллага санаачлан байгуулж, төрийн эрхийг гартаа авах сөрөг хүчний үйл ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байгаа гэнэ. Сүүлийн хэдэн өдөр Ерөнхийлөгч Эрдоган Гюлен Фетхуллахыг дэмжигчдийн эсрэг кампанит ажлыг эхлүүлээд байгаа тухай дэлхийн томоохон агентлагууд мэдээллээд байгаа юм.
Харин Европын холбооны төлөөлөгчид энэхүү үйлдлийг хурцаар шүүмжилсэн байна. Европын холбооны Гадаад харилцааны тэргүүн Федерика Могерини үүнийг Европын холбооны үнэт зүйлсийг эсрэг үйлдэл гэж мэдэгджээ.