“Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ
БНСУ-ын иргэний агаарын тээврийн "Korean Air" компанийн дэд захирал, Ханжин группийн ерөнхий захирлын охин Чу Хён А нь нисэхээр завдаж байсан онгоцыг буцааж дураараа аашилсан билээ.
Тэрээр нэгдүгээр зэрэглэлийн суудалд суусан зорчигчдод өгөх хатаасан самрыг зориулалтын тавганд хийж өгөх бус харин ууттай нь өгсөнөөс болж, тус онгоцны үйлчлэгчдийн ахлагчийг онгоцноос буулгасны дараа онгоцыг нисгэсэн байдаг.
Онцгой тохиолдолд онгоцны ахмад болон нислэгийн төвийн шийддэг энэхүү тушаалыг дураараа зөрчин, гүйлтийн замдаа орон явж байсан 250 зорчигч бүхий нисэх онгоцыг буцааж зорчигчдын аюулгүй байдал, тав тухад онцгой нөлөөлсөн уг хэрэг Солонгос улсад болон гадаадын орнуудад ихээхэн шуугиан дэгдээсэн билээ.
Өнөөдөр үүнтэй холбогдуулан Чу Хён А захирлын аав, Ханжин группийн ерөнхий захирал Чу Ёнг Ху нийт иргэдээсээ уучлалт гуйн бөхийн ёсолж, охиноо буруу хүмүүжүүлсэндээ гэмшиж байна гэж мэдэгджээ.
Дэд захирлынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсанаа мэдэгдсэн түүний охин Чу Хён А, Солонгос улсын Зам, тээврийн яамны Галт тэрэг, нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах хороонд дуудагджээ.