В.Путин:Орос орон ямар ч сорилтыг хүлээн авч, ялахад бэлэн байна

2014 оны 12 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгч парламентад хандсан илгээлтээ ер бусын байдлаар эхлүүлж, төгсгөсөн байна. Тэрээр хувь заяа шийдвэрлэх эгзэгтэй цаг мөчид хүлээцтэй байж, үндэсний эрх ашгийн утга учир, үзэл санааг гүн гүнзгий ойлгон, дэмжин тусалж байгаад нь Оросын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Мөн бидний өмнө хүнд хэцүү цаг үе тулгарч байгаа хэдий ч бид аливаа сорилтыг хүлээн авч, ялан гарахад бэлэн байна хэмээн өгүүлсэн аж. Энэ үйлсэд нь гаднын ямар ч дарамт шахалт саад болж чадахгүй гээд харин дотооддоо байгаа түмэн янзын асуудлуудыг зөвөөр шийдэх нь чухал гэжээ. Эдгээр асуудлууд нь зөвхөн улс орны хөгжлийн замд саад болоод зогсохгүй, Оросын аюулгүй байдалд ч шууд заналхийлж болзошгүй гэсэн байна.

“Бидний өвөг дээдсийн мянганы туршид хуримтлуулсан тасралтгүй, нэгдмэл байдлын ач холбогдлыг бид гүнээ ухамсарлаж байна” гэж Ерөнхийлөгч Владимир Путин онцолсон бөгөөд үүний ачаар бид зөвхөн тусгаар тогтносон хүчтэй төртэй, бүрэн хэрсүүжсэн хүчирхэг ард түмэнтэй улс орон л нуруундаа үүрч дөнгөх тийм сорилтуудыг даван туулж чадаж байна хэмээн бахархсан аж.

Тэрээр Крымийг нэгтгэсэн түүхэн ач холбогдлын талаар дурдахдаа, тэнд манай хүмүүс амьдардаг, стратегийн чухал түшиц газар гэхээс илүүтэй, “чухам тэнд л олон үндэстэн ястантай боловч нэгдмэл нэг, төвлөрсөн Орос улс бүрэлдэн тогтоход нөлөөлсөн оюун санааны эх ундарга оршдог” хэмээн цохон дурдсан байна. Херсонес-Корсунид ханхүү Владимир сахил хүртэн, ингэснээр үнэн алдартны шашин нь дорно славянийн ертөнцийн төрөл бүрийн цустай овог аймгууд нэгдмэл нэг орос үндэстэн, төрт улс болон төлөвшихөд нөлөөлсөн тийм оюун санааны хүч болж чадсан билээ.

“Чухам энэ л оюун санааны хөрс суурин дээр манай өвөг дээдэс анх удаа бөгөөд өнө мөнхөд өөрсдийгөө нэгдмэл ард түмэн гэдгээ гүнээ ухамсарласан юм” хэмээн Путин хэлээд, энэ утгаараа, Крым, эртний Корсунь, Херсонес, Севастополь бол Оросын хувьд соёл иргэншлийн болон ариун нандин шүтээний асар их ач холбогдлыг агуулдаг гэжээ. Тэрээр үүнийг ислам, иудаичуудын бахархал болсон, Иерусалим дахь Ариун шүтээний уултай адилтган үзсэн бөгөөд энэ цаг мөчөөс эхлэн үүрд мөнхөд бид үүнд машид хүндэтгэлтэй хандах болно гэж өгүүлсэн аж.

Одоогийн ОХУ-ыг Киевийн Оростой иймэрхүү маягаар холбонгоо, Путин Украинд хэрхэн ханддаг талаарх хариултаа өгсөн байна. Киев бол оросын хотуудын ээж гэсэн утгаараа Корсунь эсвэл Москва шиг манай ард түмний хувьд бол соёл иргэншлийн асар их ач холбогдолтой хэмээн дурджээ.

Иймээс ч Орос улс ах дүү Украины ард түмний “өөрийн гэсэн хөгжлийн зам, холбоотнуудаа сонгох, өөрийн аюулгүй байдлаа хангаж, эдийн засгаа бүтээн байгуулах” эрхэд хүндэтгэлтэйгээр хандах болно гээд энэ нь Баруунтай хийх тэмцэлд зайлшгүй хэрэгтэй дипломат мэдэгдэл хэмээн ойлгох хэрэгтэй гэж цохон өгүүлсэн байна.

Өөрийн илгээлтдээ Путин Украинд болж буй үйл явдлын талаар бараг дурдаагүй бөгөөд харин Киевийн Европтой нэгдэх тухай асуудлыг Барууныхан Оростой хэлэлцэхийг огтхон ч хүсэхгүй байна гэжээ. Гэвч одоо Украинд эргэлт гарсны дараа ч Европтой нэгдэх хэлцэл хүчин төгөлдөр болж чадаагүй байна гээд, чухам юуны төлөө энэ бүхэн Украинд хийгдсэн юм бэ?, Юуны тулд олон хүмүүсийн амийг хөнөөж, одоог хүртэл буудсаар байгаа юм бэ? Эцэст нь, өөрсдийн эдийн засаг, санхүүгээ нураан, улс орноо сүйрүүлэхэд хүрээд байна хэмээн Путин хэлжээ. Тэрээр Барууныхныг Украины эдийн засагт туслахыг уриалсан бөгөөд харамсалтай нь, тэнд үүнийг хийх оргилсон хүсэл төдийлөн харагдахгүй байна хэмээн нэмэн өгүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13322
0 эможи
keyboard_arrow_up