АНУ-ын 17 муж Обамагийн цагаачлалын шийдвэрийг эсэргүүцэн, шүүхэд нэхэмжлэл гаргажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн цагаачлалын талаарх санал санаачлагын эсрэг шүүхийн нэхэмжлэлийг Техас мужид өгсөн бөгөөд түүнд 17 муж нэгдэн орсон байна. Энэ талаар тус мужийн ерөнхий прокурор, бүгд найрамдахч Грег Эббот мэдэгджээ.
Ерөнхийлөгч Барак Обама хууль бус 5 сая цагаачдыг тус орноос гаргахгүй байх талаарх зарлигт гарын үсэг зурсан билээ. Уг зарлигийн дагуу, АНУ-ын иргэншилтэй иргэдийн эцэг эх, мөн 2010 оноос өмнө насанд хүрээгүй байхдаа хууль бусаар тус оронд очсон цагаачид энэхүү өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж.
Обамагийн өгүүлснээр, түүний засаг захиргаа ойрын үед цагаачдаас өргөдлийг нь хүлээн авч, “хойшлогдсон албадан гаргалтын” статусыг нь баталгаажуулах юм байна.
“Цагаачлалын хүрээн дэх өөрийн ганц талт үйл ажиллагаагаараа Обама Үндсэн хууль болон Холбооны хуулиудын үндэслэлийг зөрчиж байна. Ерөнхийлөгчид олгогдсон гүйцэтгэх эрх нь Конгрессийн хуулиудтай зөрчилдөх ёсгүй” гэж Техас мужийн прокурорын газрын сайтад байрласан Эбботагийн мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын 17 мужийн нэгдсэн нэхэмжлэлийг лхагва гаригт бүртгэж авсан бөгөөд түүнд Техас, Алабама, Жоржи, Луизиана, Миссисиппи, Хойд ба Өмнөд Каролина, Баруун Виржини, Канзас, Индиана, Небраска, Висконсин, Өмнөд Дакота, Айдахо, Монтана, Мэн мужууд багтаж байгаа аж.