Японд парламентын доод танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ
Япон улсад энэ сарын 14-ний өдөр болох парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн өмнөх кампанит ажил эхэлжээ. Энэ удаа 475 суудлын төлөө 1150 хүн өрсөлдөх ба энэ нь 2012 оны сонгуулиас 350-иар бага байгаа аж.
295 суудал нь нэг мандаттай тойргуудаас сонгогдох, үлдсэн 180 нь намын жагсаалтаар орох бөгөөд нэр дэвшигчдийн бүртгэл өнөө өглөө амжилттай явагдсан байна. Одоогийн байдлаар, эрх баригч Либерал-ардчилсан нам болон Шинэ Комэйто нам парламентын доод танхимын гуравны хоёрын саналыг аваад байгаа бөгөөд энэ танхим нь засгийн газрын тэргүүнийг сонгох, улсын төсвийг хэлэлцэхэд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг билээ.
Хэрэв энэ удаагийн ээлжит бус сонгуулиар илт давуу санал авч чадахгүй бол огцорно гэдгээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдээд байгаа юм.
Сонгуулийн кампанит ажлын өмнөхөн явуулсан олон тооны социологийн судалгаануудаас харахад, эрх баригч Либерал-ардчилсан нам тус орны ард түмний зүгээс ихээхэн дэмжлэгийг аваад байгаа нь илт байна. Японы үндэсний тэргүүлэгч “Асахи симбун”, “Иомиури симбун”, “Майнити симбун” зэрэг сонингуудын судалгааны дүнгээр нийт сонгогчдын 37-41% нь Либерал-ардчилсан намын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаа аж.
Япон орон даяар идэвхтэй сурталчилгааны кампанит ажил эхлэн, удстөрийн намуудаас нэр дэвшигчид хүн ам олонтой газруудаар яван, өөрсдийнх нь мөрийн хөтөлбөрийг дэмжихийг уриалж байна. Хотуудын гудамжаар чанга яригч бүхий тусгай машинууд яван, намуудын нэр дэвшигчдийн хөтөлбөр амлалтуудыг сурталчилж байна.
Ээлжит бус сонгуулийг явуулах шалтгаан нь парламентын доод танхимыг буулгах тухай Ерөнхий сайд Шинзо Абэгийн шийдвэр болсон бөгөөд 2016 он хүртэл бүх нийтийн сонгууль явуулахгүй байх эрхийг засгийн тэргүүн агуулж байгаа аж. Шинзо Абэ өөрийн энэхүү шийдвэрийн талаар тайлбарлахдаа, Япон улсын эдийн засгийг сэргээх, ялангуяа АЦС-ын ажлыг хэсэгчлэн сэргээх, зэвсэгт хүчний хүчин чадлыг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлуудаар сонгогчдын дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай болсон гэжээ.