Хонг Конгийн эсэргүүцэгчид захиргааны байр руугаа дайрчээ
2014 оны 11 сарын 20
Ардчилал шаардсан Хонг Конгийн залуусын жагсаал өнөөдөр ч үргэлжилсээр л байна. Олон улсын хэвлэлүүдийн дамжуулснаар өчигдөр жагсагчид орон нутгийн захиргааны байр руу дайран оржээ. Харин удалгүй цагдаагийнхан болон аюулгүй байдлынхан ирж, хүч түрэн орсон тэднийг зогсоосон аж. Захиргааны байран дотор болон гадаа гудамжинд хэд хэдэн удаа мөргөлдөөн болсон талаар ч зарим хэвлэл уламжиллаа. Хятадын төрийн мэдлийн хэвлэлийн дамжуулснаар өнгөрсөн долоо хоногт Хонг Конгийн төв болон зарим хэсэгт байгуулсан жагсагчдын хориглолт, хашлагыг нураах, тараахыг үүрэгдсэн тушаалыг холбогдох албаныхан нь гаргасан юм. Эрх баригчид нь ард түмнийхээ хүсэл, тэмүүллийг сонсохгүй байгаа учир шилэн хамгаалалтад нь нэвтэрч дуу хоолойгоо дотроос нь хүргэхийг завдсан оролдлого гэж жагсагчид дайрлтаа тайлбарлалаа. Хонг Конгийн захирагчийг тодруулах 2017 оны сонгуулийн нэрдэвшигчдийг ард түмэн сонгодог болохыг шаардаж, илүү их ардчилал олгохыг хүссэн жагсагчид Хонг Конгийн төвийг эзлээд долоон долоо хоног болж байгаа юм. Гэвч эх газрын Хятад дахь эрх баригчид одоо ч дорвитой хариу өгөлгүй чимээгүй суусаар л буй. Их Британийн эзэмшилд байсан тусгай захиргааны бүс Хонг Конг нь 1997 онд Бээжингийн мэдэлд шилжин ирсэн бөгөөд Коммунист намын “Нэг улс, хоёр систем” бодлогын дагуу автономит эрхтэй, эх газрыг бодвол эрх чөлөө нээлттэй байх ёстой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
12386
0 эможи