Америкийн иргэн лалынханд цаазлуулсныг Ерөнхийлөгч Барак Обама нотоллоо
АНУ-ын иргэн Питер Кэссигийг “Лалын улс” бүлэглэлийнхэн цаазалсан тухай видео бичлэг исламчуудын нэгэн сайт дээр тавигдсан нь Вашингтонд төдийгүй, Лондон, Парист түгшүүр төрүүлсэн билээ.
Энэхүү бичлэгийн үнэн эсэхийг шалгаж тодруулсны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уг бичлэгийн үнэн болохыг батлан, цаазлагдсан иргэний ар гэр, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлсэн байна. “Бид Питер хэмээн алдаршсан Абдула-Рахман Кэссигийн эцэг эх, гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэж Цагаан ордны тэргүүн өгүүлсэн аж.
Питер Кэссиг өмнө нь америкийн армийн цэрэг байсан бөгөөд 2007 онд Иракт алба хааж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн байна. Тэрээр 2012 онд Ливаны хил орчмын эмнэлэгт бага эмчээр ажиллахаар очсон ба палестин, сирийн дүрвэгсдийг асран сувилдаг байжээ. 2012 оны сүүлчээр Питер Кэссиг SERA (Special Emergency Response and Assistance) хэмээх төрийн бус, буяны байгууллагыг үүсгэн байгуулж, түүнийг удирдан ажиллуулах болсон аж.
Түүний удирддаг сан нь орон гэрээ орхин дүрвэсэн сиричүүдэд анхны тусламж үзүүлэн, дүрвэгсдийн лагерьт эм тариа, хүнс нийлүүлдэг байжээ. “Лалын улс” бүлэглэлийн дайчид эртнээс түүнийг сүрдүүлэн заналхийлдэг байсан гэнэ. Кэссигийн эцэг эх өнгөрсөн долоодугаар сард түүнээс захидал хүлээн авсан бөгөөд тэнд: “Би үхлээс маш их айж байна, гэвч хамгийн хэцүү нь би итгэл найдвараа хадгалсаар байж чадах болов уу гэсэн асуултанд хариулах явдал юм. Хэрэв би үхэхэд хүрвэл зовж зүдэрсэн хүмүүст туслахыг оролдсон гэдгээр та бид сэтгэл санаагаа тайвшруулах юм даа” хэмээн бичсэн байжээ.